ХӨСҮТ-д коронавируст халдвартай 9 хүн эмчлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-08-24 12:04:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварлаж ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалтад шилжсэнийг тус төвийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.


Ингэснээр Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдсөн коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 298 бүртгэгдсэнээс 289 хүн эдгээд байна. Өдгөө эмчилгээ, ажиглалтад 9 хүн хамрагдаж байна. Тэдний долоон хүний биеийн байдал хөнгөн байгаа бол хүндэвтэр оноштой хоёр хүн байна.

 

ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар нэг лабораторид өчигдөр хийсэн 399 хүний /PCR/ шинжилгээний хариу сөрөг гарчээ. Үүнд, 8 дугаар сарын 9-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор ирсэн 67 хүн /давтан/, 8 дугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор ирсэн 268 хүн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 9, Өмнөговь аймагт тусгаарлагдсан 27, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан нэг, Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 21 жолооч, сувиллын газруудад тусгаарлагдсан /ХӨСҮТ-өөс эдгэрч гарсан/ 5 хүний шинжилгээний хариу багтжээ.


ХӨСҮТ-д одоогоор 24 хүн эмчилгээ, тандалт, ажиглалтад хамрагдаж байна. Цэргийн төв эмнэлэгт 53 хүн тусгаарлагдаж байгаагаас гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна. Улсын хэмжээнд гэрийн тусгаарлалтад 3562 хүн байна.  Өчигдөр 271 хүн шинээр тусгаарлалтад орсон бол 3 хүн гэрийн тусгаарлалтад шилжжээ.


Холбоотой мэдээ