"COVID-19" халдварын үед эх, нярайд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-08-26 18:00:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний III зөвлөгөөн өнөөдөр эхэллээ.

Зөвлөгөөнөөр коронавируст халдварын үед эх, хүүхдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, дэлхийн чиг хандлага, эрүүл мэндийн салбарт баримталж буй бодлогын асуудлыг авч хэлэлцэв.

 

ЭМЯ-ны ЭТГ-ын Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цэвэлмаа, “Тусгай нислэгээр ирсэн жирэмсэн эмэгтэйчүүдийг  Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу 21 хоног тусгаарлаж байна. Тусгаарлах байранд байгаа үедээ төрөх, жирэмсний хяналтын талаар нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах шаардлагатай тохиолдолд ЭХЭМҮТ-өөс утсаар болон очиж зөвлөгөө үзүүлнэ. Тухайн хүн ажиглах байранд байх хугацаандаа амаржих асуудал үүсэж болно. Энэ үед ХӨСҮТ рүү шилжүүлж, тус төвийн төрөх тасагт төрөх үйл ажиллагааг хэвийн явуулна. Өнөөдрийн байдлаар 12 эх төрж, эсэн мэнд амаржсан. Хэрэв тусгаарлах байранд жирэмсэн эмэгтэй тусгаарласан бол ажиглалтын 21 хоног, гэрийн ажиглалтын 14 хоногтой нийт 35 хоног өнгөрч, 36 дахь хоногийн дараагаас өөрийн харьяа дүүргийн өрх, эмнэлгийн тусламж үзүүлдэг газруудаар тусламж, үйлчилгээгээ хэвийн авна” гэсэн юм.

Монгол Улс 2015 онд эхийн эндэгдлийн түвшинг 100.000 амьд төрөлтөд 26 хүртэл бууруулж, чадсанаар эхийн эндэгдлийг бууруулах мянганы хөгжлийн зорилтот хүрсэн дэлхийн есөн орны нэг болсон билээ.

Мөн дэлхийн тогтвортой хөгжлийг хангах тунхаглалд нэгдэж, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг батлан түүнийг хэрэгжилтийг хангахаар хэд хэдэн бодлогын баримт бичиг боловсруулан батлуулж, мөрдөн ажиллажээ.

Үүний үр дүнд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын нэгдүгээр үе шат болох 2016-2020 оны шалгуур үзүүлэлтэд эхийн эндэгдлийн түвшинг 100.000 амьд төрөлтөд 25 болгох зорилтыг хангажээ.

Тогтвортой хөгжлийн зорилтын гол уриа нь “Хөгжлөөс хэн ч үлдэх, хоцрох ёсгүй” гэсэн зарчимд тулгуурладаг бөгөөд “Хүн төвтэй хөгжил”-д хөл нийлэн алхаж байгаа нялхас, хүүхэд, өсвөр үе, идэр нас, нөхөн үржихүйн насны болон өндөр настнуудыг хамруулан сайн сайхан амьдруулах гэсэн зарчимтай юм.

Иймд халдварт болон халдварт бус өвчлөлийн үед эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах тал дээр эмч, эмнэлгийн ажилчдын арга зүй, туршлагыг нь нэмэгдүүлэх, орчин нөхцөлд нь тохируулан, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж ажиллуулахад тус зөвлөгөөний ач холбогдол оршиж байна. 


Т.Энхтогтох


Холбоотой мэдээ