Афганистанд үерийн улмаас олон арван хүн амиа алджээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2020-08-27 10:23:02

КАБУЛ. /BBC/. Афганистаны хойд нутгийн Парван мужид үерийн гамшиг нүүрлэсний улмаас 100 орчим хүн амиа алдлаа гэж тус улсын эрх баригчид мэдээлжээ.


Хүчтэй аадар борооноос үүдэлтэй үерийн гамшиг Чарикар хотод орон нутгийн цагаар лхагва гаргийн өглөө хүмүүсийг унтаж байх үеэр нүүрлэсэн байна.


Афганистаны Байгалийн гамшгийн уршгийг арилгах яамнаас мэдээлснээр, үерийн улмаас хүмүүс амиа алдсанаас гадна олон арван хүн гэмтэж, 500 орчим байшин барилга сүйджээ.


Аврах албаныхан барилгын нурангин дунд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд амиа алдсан хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэж холбогдох албаны төлөөлөгчид мэдээлсэн байна.


Парван мужийн захирагч Фазлудин Аярын мэдээлснээр, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас олон зуун хүн амиа алдсан байж болзошгүй ажээ. Амиа алдагсдын дунд бага насны хүүхдүүд байсан гэж мужийн хэвлэлийн төлөөлөгч Вахида Шакар мэдээлжээ.


Мөн ар гэрийнхнээ сураггүй болсон талаар олон иргэн мэдээлж байгаа аж. “Манай гэр бүлийн 11 гишүүн үерт нэрвэгдэн амиа алдсан” гэж фермер Мухамед Касим “AFP” агентлагт мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ