СЕХ-ны даргаар П.Дэлгэрнаранг, нарийн бичгийн даргаар Д.Даваа-Очирыг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-28 22:31:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын даргын санал болгосноор Сонгуулийн ерөнхий хорооны даргаар П.Дэлгэрнаран, нарийн бичгийн даргаар Д.Даваа-Очирыг томилохыг дэмиж, энэ талаарх тогтоол баталлаа. 


Сонгуулийн ерөнхий хорооны дарга Пүрвээгийн Дэлгэрнаран нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 56 настай. Улсад 32 жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс төрийн албанд 7 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай. 1989 онд ЗХУ-ын Москвагийн Цэргийн дээд сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. 1989-1990 онд Талх чихэр үйлдвэрийн хорооны дарга, 1990-1991 онд Улаанбаатар хотын Хөдөлмөрч залуучуудын эвлэлийн дэд дарга, 1991-1993 онд Улаанбаатар хотын Залуучуудын холбооны дарга, 1993-1995 онд Хүн ам, бодлого хөгжлийн яаманд ахлах түшмэл, 1995-1997 онд Улсын Их Хурал дахь намын бүлэгт зөвлөх, 1997-1999 онд “Прогоноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан, 1999-2000 онд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал, 2000-2003 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, 2003-2005 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, 2007-2012 онд “Автобус 3” компанийн захирал, 2012-2013 онд Автотээврийн газрын дарга, 2012-2020 онд “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, захиралын зөвлөх, 2020 оны 08 дугаар сараас Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах референтээр ажиллаж байв.


Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Даваанямын Даваа-Очир нь 57 настай. 1982-1987 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академид эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгсчээ. 2005 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академид хууль зүйн ухааны докторын зэрэг,  2006 онд профессор цол хамгаалсан. Д.Даваа-Очир нь 39 жил төрийн албанд ажилласан. Д.Даваа-Очир нь 1981 оноос хойш 39 жил хуулийн байгууллагад ажилласан. 


УИХ-ын даргын дээрх саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулсан. УИХ-ын даргын санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат санал хэлсэн.


Ингээд санал, хураахад Пүрвээгийн Дэлгэрнаранг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилохыг хуралдаанд оролцсон 68 гишүүний 62 нь буюу 89.7 хувь нь дэмжсэн бол Даваанямын Даваа-Очирыг Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар томилохыг гишүүд 89.7 хувийн саналаар дэмжив.

Холбоотой мэдээ