Б.Пүрэвдорж: НӨАТ-ын хувийг 5 болгосноор нэг их наяд төгрөгийг иргэдэд буцаан олгох боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-09-02 14:52:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ыг таван хувь болгохоор боловсруулсан НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан талаар өнөөдөр мэдээлэв. 


Тэрээр уг хуулийн төслийг өнгөрсөн хавар өргөн барьсан ч чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхын саналыг авч чадаагүй, тиймээс шинэ УИХ байгуулагдсан тул дахин өргөн барьж байгаагаа мэдээллийн эхэнд онцоллоо. Тэрбээр, "Дэлхий нийтээр тархаж буй цар тахлын улмаас эдийн засгийн хүндрэлтэй асуудлууд манай улсад ч мөн үүссэн. Өнгөрсөн хугацаанд  COVID-19-ийн хуулиар Засгийн газраас 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Гэвч хөтөлбөр бүрэн дүүрэн хэрэгжиж,  иргэддээ хүрсэн бол гурван сая хоёр зуун мянган иргэндээ  тэгш хуваахад  хүн бүрт  1.6 сая төгрөг очсон байх ёстой. Харамсалтай нь байгаа оносон эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Тиймээс ард иргэд, аж ахуйн нэгжийн амьдралд дарамт болж байгаа  НӨАТ-ын хувийг багасгах замаар иргэдийн орлогыг дээшлүүлэх  боломж гаргах хэрэгтэй. 2020 онд нийт 2.7 тэрбум төгрөгийн НӨАТ-ыг авах ёстой. Хэрэв хууль батлагдвал ойролцоогоор нэг их наяд төгрөгийг ард иргэддээ буцаан олгох боломж бүрдэх юм" хэмээв.


Хуулийн төсөлтэй холбоотойгоор Сангийн яам болон салбарын сайд татвар, төсвийн орлого багасна гэж эсэргүүцэж байгаа бөгөөд НӨАТ-ын татвараас 2.6 их наяд төгрөгийн орлого олно гэж тооцжээ. Мөн энэ жил 37 хувиар орлого нэмэгдэнэ гэсэн тооцоо гаргасан аж. Гэхдээ НӨАТ-ын татвар орлогын татварыг илүү болгох боломжийг бүрдүүлдэг. Учир нь ард иргэд НӨАТ-ын баримтаа авч уншуулснаар  далд орлого  ил болж татварын орлого нэмэгддэг гэдгийг мэдээлэлдээ тэмдэглэв.


Тиймээс НӨАТ-ыг таван хувь болгосноор татварын бааз суурь нэмэгдэхээс гадна төсвийн орлого буурахгүй. Дээрээс нь татварын орлого нэмэгдэх боломж бүрдэх ач холбогдолтой гэдгийг тодотголоо.


Мөн НӨАТ-ын тухай ард иргэд 10 хувийг төлдөг гэдэг ойлголттой байдаг. Гэтэл  нэгж бүтээгдэхүүнд талх бүтэхийн тулд яаж НӨАТ хэрхэн төлдгийг тэрээр тайлбарлав. Тэрбээр, "Үр тарианы компаниуд хамгийн гол зардал болох шатахуунаа 10  хувийн НӨАТ төлж авдаг. Тэд тариа будаагаа ургуулчихаад гурилын үйлдвэрт 10  хувиа нэмээд өгдөг. Гурилын үйлдвэр нь талхны үйлдвэрт 10 хувиа нэмээд өгдөг. Талхны компани нь талхаа үйлдвэрлээд мөн л 10 хувиа өгнө. Тэгэхээр үйлдвэрлэлийн шат болгонд авч байгаа энэ  НӨАТ бол зөвхөн 1090 төгрөгийн үнэтэй байгаа “Атар” талханд 109 төгрөгийн НӨАТ-ын татвар  төлөх биш  шат дамжаад авахаар 300-400 төргөгийн татварыг нэгж бүрт нэмэгдэж байгаа гэсэн үг юм. Ялангуяа энэ татвар төвөөс зайдуу бүс нутагт амьдарч буй иргэдэд асар их хүндрэлийг дагуулж очдог. Тиймээс цар тахлын улмаас эдийн засаг хямарч, иргэдийн орлого буурсан энэ үед НӨАТ-ыг таван хувь болгох нь хамгийн чухал шийдвэр гэж  үзэж байна. Тиймээс  энэ хуулийг шинэ парламент хэлэлцэн дэмжинэ гэдэгт найдаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ