"Оюу толгой"-н цахилгаан эрчим хүчийг Монгол Улсаас хангаж эхэллээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-09-03 14:10:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюутолгой ордын уурхайн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо буюу Монгол Улсаас хангаж эхэллээ. Тодруулбал, "Өмнөд Бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК "Оюутолгой" ХХК-ийн хооронд цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгууллаа. 

Ингэснээр Оюутолгойн ордын уурхай гадаадаас авдаг байсан цахилгаан эрчим хүчээ дотоодоосоо авч, гадагш урсах валютын урсгал дотооддоо үлдэж, улмаар Монгол Улсын эдийн засагт эерэг үр дүн гарч, цаашид цахилгаан эрчим хүч нийлүүлэлт үе шаттай нэмэгдэх болж байна. 


Энэ талаар өнөөдөр ЭХЯ-нд болсон “Өмнөд Бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон “Оюу толгой” ХХК-ийн хооронд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд гарын үсэг зурах ёслолын үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх онцлов. Ёслолд мөн “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Монгол Улсын Өмнийн говийн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдгээрийг цахилгаан эрчим хүчээр хангах арга хэмжээг УИХ, Засгийн газраас 2008 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. Өнөөдөр байгуулж буй гэрээгээр Монгол Улсаас албан ёсоор цахилгаан эрчим хүчээ авч эхлэх төдийгүй эдийн засагт эерэг үр дүн авчрах юм” гэлээ.


"Оюу толгой’ ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес хэлэхдээ, “Энэхүү гэрээг байгуулсан нь манай компанийн хувьд маш чухал үйл явдал болж байгаагийн хажуугаар дотоодоос авах эрчим хүчний хэмжээгээ нэмэгдүүлэх манай хүчин чармайлтын нэг илэрхийлэл болж байна. 

Бид цаашдаа ч Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын гэрээ, Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын нэмэлт, өөрчлөлтийн гэрээний хүрээнд нөөц боломжуудыг эрэлхийлэн ЭХЯ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно” гэлээ.

Оюу толгойн орд газрыг ашиглаж эхэлснээс хойш буюу 2013 оноос уурхай БНХАУ-ын ӨМӨЗО-ны эрчим хүчний системээс импортын цахилгаан эрчим хүч авч ирсэн.


Монгол Улсын Засгийн газраас Өмнөд бүс, говийн стратегийн орд газруудын цахилгааны хэрэглээг дотоодын эрчим хүчний системээс хангах зорилгоор 220 киловольт /кВ/-ийн гурван дэд станц, 670 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж дуусаад байна.

Дотоодын эрчим хүчний системээс уурхайн цахилгааны зарим хэрэглээг хангах ажлын техникийн болон Улсын комисс ажиллаж 13 мегавольт ампер /МВА/ суурилсан хүчин чадал бүхий 4 дэд станцыг 35 кВ-ын хүчдэлийн түвшингээр хангаж эхэллээ.

Мөн өнөөдөр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарынхаа ТББ, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд эрчим хүчний салбарт тусгасан төсөл, арга хэмжээг танилцууллаа. 



Холбоотой мэдээ