"Sanofi", "GSK" компанийн гарган авсан вакцины үнэ 10 еврогоос бага байх болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-06 10:26:16

ПАРИС. /France Inter/. Францын эм судлалын "Sanofi", Их Британийн "GSK" компанийн хамтран хөгжүүлж буй вакцины үнэ нэг тун нь 10 еврогоос бага үнэтэй байх аж. Энэ тухай "Sanofi" компанийн тэргүүн Оливье Божийо мэдэгджээ. 


"Одоогоор бид үйлдвэрлэлийн зардлыг судалж байна. Францын иргэд төдийгүй европын бусад улсын иргэдийн гарт "Sanofi" вакцин АНУ-ын оршин суугчдынхтай нэгэн зэрэг ирнэ. Зун бид америкчуудтай гэрээ хийсэн. Тухайн үедээ европчууд болон англичуудтай мөн гэрээ хийсэн юм" хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.


Тус компанийн вакцинаас АНУ 100 сая, Европын улсууд 300 сая, Их Британи 60 сая тунг тус бүр авах төлөвтэй байна. Түүнчлэн хөгжиж буй орнууд руу олон сая тун вакцин илгээх аж. 

Коронавирусний вакцин гарган авах тухай 2.1 тэрбум ам.долларын гэрээг АНУ-ын Засгийн газартай байгуулсан тухайгаа компани 7 дугаар сард мэдэгджээ. Харин вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлснээ 9 дүгээр сарын 3-нд мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ