Бэлчээрийн найман төрлийн ургамал тариалж үр дүнг судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-09-06 14:54:47

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Гурванбулаг сумын "Авзага" багийн нутагт бэлчээрийн эрдэм шинжилгээ, туршилт судалгааны төв байгууллаа. Аймгийн ИТХ-ын баталсан байгаль хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний 300,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар уг төвийн барилгыг барьжээ.

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан “Хэт талхлагдсан бэлчээрийг зайнаас тандах аргаар судлах ба нөхөн сэргээх туршилт” олон улсын төслийг ШУА-ын Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Өвөрмонголын Багшийн Их сургууль, Тариалан Мал аж ахуйн хүрээлэн, Булган аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү судалгааны төвийн нээлт болж, төслийн үр дүнтэй УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Соёлын сайд С.Чулуун, БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл нар танилцсан юм.

          Энэхүү төслийн талаар “Хөгнө мээж” ТББ-ын тэргүүн, Төрийн соёрхолт мал зүйч О.Мэдэхгүйтэй уулзаж ярилцлаа.

- Бэлчээрийн доройтол, талхагдал их ярьж байна. Үүний эсрэг чиглэсэн ямар ажил хийж байгаа бол?

- 2004 оноос хойш бэлчээрийн асуудлаар их хөөцөлдлөө. “Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөр” хэрэгжүүлж байхад тэр хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг нь бэлчээрийн менежментийн асуудал байсан. Тэгээд багийн иргэдийн нийтийн хурлаар энэ асуудлыг нэлээд ярилаа. Ер нь малчидтай ярьж хөөрч байхад тулгамдсан асуудал юу байна гэхэд хамгийн түрүүнд бэлчээрийн асуудлыг ярьдаг юм. Бэлчээр, бэлчээр усжуулах асуудал зайлшгүй хэрэгтэй байна гэдэг.

Шинжилгээ судалгааны байгууллага бэлчээрийн доройтолд орж байгаагийн 30 орчим хувь дэлхийн дулааралтай холбоотой байна гэдэг. Үлдэх 70 орчим хувь хүний хүчин зүйлийн нөлөөллөөс болж байна гэсэн судалгааны тойм байдаг юм билээ. Манай малчид байгалийн шалтгааны улмаас болж бэлчээр муудаад байна гэж үздэг байсан. Харин өнөөдрийн малчдын санаа бодол эргэсэн. Бүх зүйлийг байгаль, цаг агаар руу чихээд байх биш малчин бидний бэлчээрээ зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх мал маллагааны арга барилтай гарцаагүй холбоотой юм байна. Бэлчээрийн даац гээч юм үнэхээр хэтэрсэн юм байна. Үүнийг төр засаг анхаарч арга хэмжээ авч өгөх хэрэгтэй байна гэдийг малчид ярьдаг болсон.

2018 онд аймгийн 52 багаар явж, малчдад бэлчээрийн менементийн асуудлаар сургалт хийлээ. Тэр үед санал асуулга авсан. Тэгэхэд бэлчээрийн асуудлыг сайжруулах саналыг хамгийн их тавьсан. Хоёр мянган малчинтай уулзсан. Тэдний 85,0 хувь ийм санал тавьсан.

- Манай аймгийн бэлчээрийн төлөв байдал сүүлийн жилүүдэд улам доройтох хандлага байгаа зураг харагдсан. Ямар бодлого хэрэгжүүлж үр дүнд хүрч байгаа бол?

- 2006 онд бэлчээрийн төлөв байдлын судалгааг Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөр, ШУА-ийн газар зүй геоэкологийн хүрээлэн хамтарч хийсэн. Тэр үед нутаг бэлчжээрийн 60,0 орчим хувь доройтолд орсон байна гэсэн судалгаа байсан. Тэрний дагуу зөвлөмж гаргаж, аймгийн ИТХ “Аймгийн бэлчээрийн талаар баримтлах бодлого” гэсэн баримт бичиг гаргасан. Түүний дагуу тодорхой арга хэмжээ авч чадаагүй.

2014 онд хүсэлт тавиад шинжлэх ухааны байгууллагатай хамтран судалгаа хийсэн. Энэ судалгаагаар бэлчээрийн 72,0 хувь доройтолд орсон нь тогтоогдсон.

Нэн хүчтэй талхлагдсан бэлчээр 2006 онд 260,0 мянган га байсан бол, 2014 онд 512,0 мянга болж нэмэгдсэн. Энгийн байдлаар нөхөн сэргэх боломжгүй, заавал нөхөн сэргээлт хийнэ гэсэн үг. Маш их зардал гарна. Ийм байдлаар аргацаагаад яваад байвал бэлчээрийн  мал аж ахуй эрхлэхэд хүнд болно.

- Бэлчээрийн төлөв байдлыг сайжруулахад энэ төсөл ямар үр дүн өгч байна вэ?

- 2017 онд манай улсын болон БНХАУ-ын ШУА хамтарсан гэрээ байгуулаад Булган аймгийг судалгааны түшиц газар болгож, “Доройтсон бэлчээрийг зайнаас тандах аргаар судалж сайжруулах туршилт судалгаа” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Гурванбулаг суманд 33 га газар өгөөд дээр нь суурин судалгааны бааз байгуулахаар төсвөөс 300,0 сая төгрөг гаргаж албан конторын байр барьж өгөөд туршилт хийгээд хоёр жил болж байна. Энэ туршилтаар одоогийн хуурайшилттай үед Монгол орны тал хээрийн бүсэд ямар ургамал тариалбал үр дүнд хүрэх боломжтой байна гэдгийг судаллаа. Найман төрлийн ургамал тарьсан. Царгасын гурван хэлбэр, сибирийн өлөн, согоовор, хялгана гэх мэт ургамал тариалсан. Үүн дотроос царгасны гурван сорт үр дүн муутай бусад нь үр дүнгээ өгч байна.

Үр дүн батлагдвал хоёр дахь шатны төсөл хэрэгжинэ.

Найман төрлийн ургамлаас хамгийн үр дүнтэйг сонгон тариалах арга хэмжээ авах юм. Үүний тулд их хэмжээний үр хэрэгтэй байгаа.

Суурин судалгааны бааз дээр малчдыг баг багаар нь аваачиж сургалт хийх, бэлчээр сайжруулж байгаа ажлаа үзүүлэх нь үр  дүнтэй байх гэж үзэж байгаа.

          - Малчид хавар хахир болж, зуншлага оройтож, газрын гарц, ургамал төлжихгүй хагдрах хандлага байна. Үүнээс болоод мал тарга тэвээрэг муу авдаг. Хадлан бэлтгэх боломж тааруу байна гэдэг. Бэлчээр, тэжээлийн хангамжийг сайжруулахад эхлээд ямар ажил хийвэл илүү үр дүнтэй гэж та үздэг вэ?

- Миний бодлоор хадлангийн талбайг сайжруулж өгмөөр санагдаж байна. Хадлангийн талбайг хашиж хамгаалж, талбайд нь уургийн агууламж өндөртэй ургамал тариалж сайжруулж өгье. Тэгвэл малчдад үр дүнтэй байна. Үр шимийг нь хүртүүлээд эхэлбэл мал аж ахуй эрхлэх ажил сайжрах байх. Бэлчээрийг сайжруулахын тулд мал аж ахуйн талаар цогц бодлого хэрэгтэй. Бэлчээрийн даацад тохирсон малтай байх, бэлчээр тэжээлийн нөөцөд тулгуурласан мал аж ахуйн үйлдвэрлэлийг  явуулах учиртай гэж мэргэжилтнүүд зөвлөж байгаа.

Холбоотой мэдээ