Н.Түвшинбаяр ширээний теннисний шигшээ багийн бэлтгэлтэй танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-07 12:24:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, бямба гарагт /2020.09.05/ Монголын ширээний теннисний төв “Оч” клубээр зочилж, Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуультай танилцлаа. 


Уулзалтад Үндэсний шигшээ багийн залуучууд, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, Монголын ширээний теннисний холбоо /МШТХ/-ны ерөнхийлөгч Ц.Гантулга, МШТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах болон ахмад мастерууд оролцлоо.


Уулзалтын өмнө МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, МШТХ-ноос МҮОХ-ны Спорт холбоод хариуцсан мэргэжилтэн З.Галхүүг уг холбооны түүхт 60 жилийн ойн медалиар шагнасныг гардуулсан юм.


Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр: Тамирчин хүний тэсвэр тэвчээр, амжилт үзүүлэхэд хамгийн оновчтой зүйлс бол сахилга бат байдгийг онцлон захиж, ширээний теннисний шигшээ багийн тамирчдад амжилт хүслээ. Мөн Монгол Улсад хөгжсөн топ спортын дасгалжуулагчдыг өөр спортын дасгалжуулагчаар урьж ажиллуулах солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачилга гаргаж байгаа гэж ярив.  МҮОХ-ноос ширээний теннисний спортоо хөгжүүлэхийн төлөө бүхий л боломж бололцоогоор дэмжиж ажиллахаа илэрхийллээ.



Ширээний теннис нь Монгол Улсад спорт тоглоомын төрлүүдээс хамгийн анхны холбоодын нэг бөгөөд энэ онд анх удаа төрөөс дэмжлэг авч шигшээ багтай болж ажиллаж эхэлжээ. Үндэсний шигшээ багт зургаан тамирчин /3 эрэгтэй, 3 эмэгтэй/, хоёр дасгалжуулагч ажиллаж байгаа юм.



МШТХ өнөөдөр 21  аймагт салбар холбоодоо байгуулсан бөгөөд УАШТ-д нь жил бүр 600-700 тамирчин тогтмол оролцдог. Одоогоор ширээний теннисний шигшээ багт нийтдээ 10 эрэгтэй, 10 эмэгтэй тамирчин бэлтгэлээ базааж байгаа юм. Тэдний гол зорилт 2021 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 7-нд БНСУ-ын Бусан хотноо болох ДАШТ-д амжилттай бэлтгэж оролцоход чиглэгдэж байна.



Ширээний теннисчид энэ сараас эхлэн УОК-ын зөвшөөрлөөр дотоодын тэмцээнүүдээ үзэгчгүй зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.

Холбоотой мэдээ