Иргэдэд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын онцлог, ач холбогдлыг таниулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-09-11 17:18:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ)-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Крэйг Кастанья, Азийн сан (Asian Foundation)-гийн Хөтөлбөрийн захирал Тришиа Болд нарыг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд БНОУХ-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Крэйг Кастанья АНУ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь төслийн эхний болон 2 дахь шатны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Уг төслийн эхний шатыг УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр хэрэгжүүлсэн бөгөөд Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ, Глоб интернэшнл төв, Азийн сан, Зориг сан, Сонгогчдын боловсрол төвтэй хамтран сонгогчдын боловсролыг дээшлүүлэх  ажил өрнүүлжээ.


Төслийн хоёрдугаар шатанд дээрх ажлын үргэлжлэл болгон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн сонгуулийн үеэр иргэд сонгогчдыг идэвхжүүлэх, иргэдэд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын онцлог, ач холбогдлын талаар ойлголт өгөх аж. Уг төсөл 2021 оныг дуустал үргэлжлэх юм.


Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “Манай улс хүн ам цөөн, газар нутаг том учраас тархмал суурьшилтай. Энэ нь сонгууль зохион байгуулах, сонгогчдын оролцоонд нөлөөлөх тал бий. Сонгууль болгон өөрийн гэсэн онцлогтой. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд хуулиараа ирцийн босго тогтоогоогүй ч бид тайвширч болохгүй. Иргэдийн оролцоог өндөр байлгах, мэдлэг мэдээлэлтэй оролцоход нь дэмжиж, олон талт ажил өрнүүлэх ёстой" хэмээв.

Холбоотой мэдээ