Хурд тодорхойлох хяналтын камер суурилуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-09-14 11:04:58

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хоёр хөршийг холбосон авто замын эхлэл нь хойд талаасаа Сэлэнгэ, Дархан-Уул, аймгаар дамжин өнгөрдөг. Хөдөлгөөний нягтрал ихтэй тус зам буюу Дархан-Сэлэнгэ чиглэлийн автозамд дундаж хурд тодорхойлох камер суурилууллаа.

“Яараад яахав дээ” аяны хүрээнд хийсэн тус ажлын болон Сэлэнгэ аймгаас ирэх замын цагдаагийн постны нээлт өнгөрсөн баасан гарагт болов. Орон нутгийн замд үйлдэгддэг хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хэрэг ослоос үүдэлтэй нийгмийн хор уршгийг багасгах, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлж, иргэд таатай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилготой аж.

“Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ, Цагдаагийн Ерөнхий газар,“Оюутолгой”, “Мобиком” ХХК-уудын хооронд 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан санамж бичгийн хүрээнд Дархан, Сэлэнгэ аймгийн чиглэлийн автозамд дундаж хурд тодорхойлох камер суурилуулах ажил ийнхүү биелэлээ олсонд замын цагдаагийн алба хаагчид хамтран ажилласан байгууллагууд баяртай байлаа. Учир нь бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө хийж буй энэ ажлыг жолооч нар хүндэтгэх, цаашлаад замын хөдөлгөөнд соёлтой оролцох, хол замд хурдаа тохируулж заасан хэм хэмжээнд зорчихыг уриалсан юм.
Нээлтийн үйл ажиллагаанд Тээврийн цагдаагийн албаны Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Д.Ганзориг, Мобиком корпорацийн Ерөнхий захирал Хамада Тацуяа, Оюутолгой ХК-ийн Тэргүүн зөвлөх Э.Лхагва Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат
болон аймгийн цагдаагийн газрын алба хаагчид  оролцлоо.

Холбоотой мэдээ