Нийт 958.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр тэтгэмж, тусламж хөнгөлөлт олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2020-09-15 15:49:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2020 оны эхний 8 сард 2.3 (давхардсан тоогоор) сая хүнд 958.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр тэтгэмж, тусламж хөнгөлөлт олгожээ.

Тодруулбал, энэ нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 165.2 (7.9 хувь) мянгаар, үйлчилгээнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээ 522.5 (2.2 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.

Монгол Улсын Засгийн газраас иргэдийн амьжиргааг дэмжин, нийгмийн халамжийн сангаас олгож буй халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмж 288.0 мянга, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100.0 мянга, хүнс тэжээлийн дэмжлэг шаардлагатай хүүхдэд 16.0 мянга, насанд хүрэгчдэд 32.0 мянган төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн юм.

Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид, тэдгээрт олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс нэмэгдэхэд “Хүүхдийн мөнгөн тэтгэмж” авсан 18 хүртэлх насны хүүхдийн тоо 191.8 (19.6 хувь) мянгаар, олгосон тэтгэмжийн хэмжээ 465.2 тэрбум (4.1 дахин) төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт энэ оны эхний 8 сард 56.1 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 184 (0.3 хувь) хүнээр буурсан бол олгосон тэтгэврийн хэмжээ 29.4 (41.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн 67.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 26.3 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 6.1 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид оны эхний 8 сард 100.5 мянган хүн хамрагдсаны 57.8 хувь нь асаргааны тэтгэмжид, 42.2 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байв. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2020 оны эхний 8 сард 61.6 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 14.6 (31.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 18 хүртэлх насны 1.2 сая хүүхдэд 614.9 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг оны эхний 8 сард олгожээ. 

Холбоотой мэдээ