АХБ-ны 3.5 сая ам.долларын тусламжид гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-09-15 20:26:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, АХБ-тай "COVID-19"-ийн цар тахалтай тэмцэх, хүртээмжтэй боловсролыг дэмжих төслийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. 

Тодруулбал, дээрх төслийн хүрээнд шинэ төрлийн коронавирусний халдварын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу үйл ажиллагааг дэмжиж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ЕБС, цэцэрлэгт тэгш хамран суралцуулах юм. 

Цар тахлын эсрэг Монгол Улсын авч буй үйл ажиллагааг дэмжих 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг энэ оны 5 дугаар сард олгосон 1 сая ам.долларын буцалтгүй тусламж дээр нэмж олгож байна.

Япон улсын Засгийн газрын санхүүжилттэй Ази, Номхон далайн гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авах сангаас олгож байгаа бол 2 сая ам.долларыг тэгш хүртээмжтэй боловсролыг дэмжих буцалтгүй тусламжийг АХБ-ны дэргэдэх Ядуурлыг бууруулах Японы сангаас олгож байна. 

Гэрээнд АХБ-ийг төлөөлж Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар гарын үсэг зурлаа. 

Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан ерөнхий боловсрол эзэмшүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Ингэхдээ эхний ээлжид Дархан-Уул, Дорнод, Дундговь аймаг болон нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 сургууль, 4 цэцэрлэгийн дэд бүтцийг сайжруулж, тэгш хамран сургах боловсролын үйлчилгээний чадавхыг бэхжүүлэн, хүртээмжтэй боловсролыг дэмжих нөөцийг сайжруулж, олон нийтийн оролцоо, мэдлэгийг сайжруулах аж. 

Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үе тэнгийнхээ бусад хүүхдүүдтэй хамт ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамрагдах боломж бүрдэж боловсрол, нийгэм сэтгэл зүйн бодитой өгөөжийг хүртэнэ. 

Харин 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг PCR  шинжилгээний лабораторид шаардлагатай 19 тоног төхөөрөмж, хүчилтөрөгчийн эмчилгээг бүрэн хийх зориулалттай хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулахад шаардлагатай 4804 ширхэг тоног төхөөрөмж иж бүрэн хэрэгслийг худалдан авахад зарцуулах юм. АХБ-ны энэхүү дэмжлэг нь Монгол Улсын Засгийн газарт үзүүлж буй "COVID-19"-ийн эсрэг авах арга хэмжээний багц дэмжлэгийн нэг хэсэг юм. 


Холбоотой мэдээ