“Их-7”-гийн уулзалтын аюулгүй байдлыг хангахад Японы 23 мянган цагдаа оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-05-19 12:02:43

ТОКИО./TASS/. Тавдугаар сарын 26-27-ны өдрүүдэд Номхон далайн эрэгт орших Исэ-Шима үндэсний паркт болох “G7”-гийн бүлгийн Дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдлыг хангахын тулд Японы цагдаагийн 23 мянган албан хаагч хамгаалалтанд гарна гэж Японы Цагдаагийн ерөнхий газар мэдээллээ.

Энэхүү цагдаагийн бие бүрэлдэхүүний нэлээд хэсэг нь “Тюбу” олон улсын нисэх онгоцны буудлыг хамгаалахад дайчлагдах бол цагдаагийн тусгай хүчнийхэн Дээд хэмжээний уулзалт болох гэж буй эрэг орчмын Кашикозима арлыг хамгаалалтандаа авна.

Түүний зэрэгцээ, 4 600 орчим цагдаагийн албан хаагчийг Хирошима руу илгээх бөгөөд энэ хотод АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама айлчлах гэж байгаа билээ. Энэ бол 1945 онд Хирошимад америкчууд атомын бөмбөг хаяснаас хойших хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгч тус хотод анх удаагаа ирж буй тохиолдол юм.

Дээд хэмжээний уулзалт болох өдрүүдэд цагдаа нар Японы бүх галт тэрэгний буудал, театр, цэнгэлдэх хүрээлэнгүүдийг онцгой хамгаалалтад авахаас гадна уулзалт болж буй бүсэд нислэг үйлдэж болзошгүй нисгэгчгүй онгоцуудыг саатуулан зогсоох тусгай багууд байгуулагджээ.  

Х.Сарнай

Холбоотой мэдээ