Цагаан шүрэн хөөргийг 2013 онд урлажээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-09-21 10:52:12

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн музейд хадгалагдаж буй сийлбэртэй цагаан шүрэн хөөргийг 2013 онд урлажээ. Энэхүү их гарын цагаан шүрэн хөөргийг Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат Б.Галхүү урласан бөгөөд 11 см өндөр юм. 

Уг хөөргийг хийсэн цагаан шүр нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутагт байдаг. Тус багийн нутаг Буурын баруун үзүүр гурван булагийн хярын ард Цагаан хайрхан Бараан хайрхан Хуцын булаг гэдэг газрын ойролцоо 20 км зайд багтдаг гурван өнгөт хайрхан уулс бий. Эдгээрийн хамгийн зүүн талын Хуцын булаг хайрханы өмнө Эрүүгийн бууцын орчимд Ухаа гүдгэрүүдэд Цагаан шүр хэмээх чулуулаг байдаг. Энэ нь Өмнөговь аймаг байгуулах үед Аргалант сумын 3-багийн нутагт харьяалагдаж байсан байна. Уг чулууны нарийн судал, ширхэглэг болон хатуулаг чанар нь шүртэй адилхан учир цагаан шүр гэдэг. Эрдэмтэн судлаач О.Намнандорж 1959 онд энэ чулууны маш нунтаг нарийн ширхэгийг нь судлаад Жуганцар шаварлаг эдийн нягтрал гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Цагаан шүр чулуугаар Өмнөговь аймгийн урчууд, хөөрөг, аяга зэргийг маш олон янзаар одоо ч урлаж байгаа билээ.


Холбоотой мэдээ