Налайхын замыг маргаашаас хэсэгчилж хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-09-22 16:08:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайхын автозамд өнгө хучилт хийхтэй холбогдуулан маргаашаас түр хугацаанд хэсэгчлэн хаана.

Налайхын замыг ирэх сарын 4-нийг хүртэл засварлах юм. Энэ талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Чинзориг нар өнөөдөр мэдээлэл өглөө.

Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра, “Налайхын 20.9 км авто замыг хэсэгчлэн хааж засварлах тухай өмнө нь мэдээлж байсан. Улиастайн уулзвараас хуучин гүүр хүртэлх замын барилгын ажил, Оргилын уулзвараас Тэрэлж рүү салдаг хэсэгт Налайхын 20.9 км зам доогуур туннелээр гарч буй 2.5 км замын ажил эхэлсэн. Маргааш буюу есдүгээр сарын 23-ны 07:00 цагаас Налайхын замын зорчих хэсгийн арын хэсэгт өнгө хучилтын ажил эхлэх тул замыг таван үе шаттай хэсэгчилж хаана. Ингэхдээ эхний зорчих хэсгийн арын хэсгийг хучиж байх хооронд урд хэсгийн зорчих хөдөлгөөнийг сөрөг урсгалд оруулна. Иймд иргэд, жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, замын тэмдэг, тэмдэглээний дагуу зорчихыг анхааруулж байна. Коронавируст цар тахлаас шалтгаалж ирж чадахгүй байсан хятад ажилчид Улаанбаатарт ирж 21 хоног тусгаарлагдаад, ажилдаа орсон. Тиймээс иргэд нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжиж, хөдөлгөөний аюулгүй байдлаа хангахыг уриалж байна” гэв.

Налайхын 20.9 км замын хойд талын эгнээний өнгө хучилтыг 15 хоногийн хугацаанд хийх юм байна. "Налайхын замыг хаах үед хөдөлгөөний зохицуулалт хийх талаар зураглал гаргажээ. Үүнд:

  1. Есдүгээр сарын 23-25-нд Налайх, Чойр хоёр руу салдаг бөмбөрцөгтэй гурван замын уулзвараас баруун тийш Оргил худалдааны төв хүртэл хоёр хоног хаана. Замынхаа хот руу буюу баруун гар тал руу явах урсгалыг хааж, зүүн гар тал руу явах урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгоно.
  2. Есдүгээр сарын 25-28-нд Хонхороос дараагийн буцаж эргэх уулзвар хүртэл замыг хааж, өнгө хучилтыг хийнэ.
  3. Есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл Ургах наран хорооллоос дараагийн буцах эргэлт хүртэл хойд талын урсгалыг хаана.
  4. Аравдугаар сарын 1-4-нд МТ колонкоос буцаж эргэх хүртэл замыг хааж өнгө хучилт хийнэ.
  5. Аравдугаар сарын 4-8-ныг хүртэл Улаанбаатар руу орох хэсгийн замыг хаана. Гэхдээ Улаанбаатараас гарах урсгалд хот руу ирж байгаа хөдөлгөөнийг сөрөг урсгалд оруулан явуулахаар төлөвлөсөн байна.

Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд ”Налайхын замын засварын ажилтай холбогдуулан түр хаасан хэсэгт Тээврийн цагдаагийн албанаас хяналтын цэгүүд гарч ажиллана. Жолооч нар хурдаа тохируулж явах, хориглосон тэмдгүүдийн заалтыг биелүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Ялангуяа шөнийн цагаар болон үзэгдэх орчин хязгаарлагдсан үед хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, тодорхой тэмдэг, тэмдэглэгээ болон техник хэрэгслийн заалт чиглэлийн нарийн баримтлахыг анхааруулж байна. Сүүлийн үед Налайхын замд хурд хэтрүүлснээс үүдсэн осол нэлээд бүртгэгдэж байгаа учир эргэлт, тойрог дээр хурдаа тохируулж явахыг зөвлөе" хэмээлээ.

Холбоотой мэдээ