Сайн дурын даатгалд гар утсаар хамрагдах боломжтой

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-09-23 17:21:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээг цахимжуулах хүрээнд нийгмийн даатгалын салбарт сайн дурын даатгалын үйлчилгээг гар утсаараа авах боломжийг бүрдүүллээ. 

Тодруулбал, даатгуулагч шинээр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх, шимтгэлийн төлбөрөө төлөхийн тулд заавал нийгмийн даатгалын хэлтэс, банкны салбар дээр дугаарлах шаардлагагүй боллоо.

Үүний тулд иргэд гар утсандаа “Нийгмийн даатгал” аппликэйшнийг суулгаж, нийгмийн даатгалын үйлчилгээг орон зай, цаг хугацааны хамааралгүй авахаас гадна шимтгэл төлөлтөө гар утаснаасаа хянах боломжтой болж байна. Түүнчлэн шимтгэл төлөх, гэрээ шинэчлэх хугацааны мэдэгдэл, алдангийн тооцоолол зэрэг хэрэгцээт мэдэгдэл, сануулгыг тухай бүр даатгуулагчид илгээх автомат горимтой. Энэ нь хугацаа хэтрүүлсэн алдангийн төлбөрөө мэдэхийн тулд  утсаар лавлах, гэрээгээ сунгаж амжилгүй шимтгэл төлөлт тасрах зэрэг асуудлыг шийдэж байна. 

Мөн сайн дурын даатгалын цахим системийг гадаадад байгаа иргэд ашиглахад хялбар болгох зорилгоор тэдний түгээмэл ашигладаг системтэй холбож эхэллээ. Эхний ээлжид “Sendly” аппликэйшнтэй хамтарч, АНУ-ын 33 мужаас иргэд сайн дурын даатгалын шимтгэлээ цахимаар төлөх нөхцөлийг бүрдүүлэв. Даатгуулагч иргэд дурын даатгалд цахимаар хамрагдаж цаг, зардлаа хэмнэх боломжтой мэдээллийг 7777-1289 утас болон “Нийгмийн даатгалын мэдээлэл зөвлөгөө” пэйж хуудсаар авах боломжтой аж.


Холбоотой мэдээ