Налайхын автозамыг хучиж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-09-26 11:40:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайхын автозамын арын зорчих хэсгийн өнгө хучилтын ажил эхэлжээ. УИХ-ын гишүүн С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар өчигдөр автозамын барилгын явцыг шалгалаа.


Налайхын 20.9 км автозамыг 15 хоногийн хугацаанд хэсэгчлэн хааж өнгө хучилт, явган хүн, дугуйн зам, гүүрэн гарц, тохижилтын ажлууд хийх юм. Цементээр бэхжүүлсэн суурь хоёр үе хийсэн бөгөөд нэмж суурь асфальт 10 см тавьсан бол өнгө хучилт 4 см тавихаар төлөвлөсөн талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газар танилцуулав.

 

Налайх, Чойр руу салдаг бөмбөрцөгтэй гурван замын уулзвараас баруун тийш Оргил худалдааны төв хүртэл автозамын хучилт хийж дуусаж байгаа аж. Энэ сарын 28-ныг хүртэл Хонхороос дараагийн буцаж эргэх уулзвар хүртэл замыг хааж, өнгө хучилтын ажил хийх юм байна.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан автозамын ажлыг технологийн горим алдагдуулалгүй чанартай хийж дуусгахыг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад сануулсан юм.

Налайхын 20.9 км автозамын өнгө хучилтын ажил хийхээс гадна явган болон дугуйн зам, 5 гүүрэн гарц, тохижилтын ажлууд хийх аж.


Холбоотой мэдээ