Нигери саагүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2015-09-28 10:44:06

ЖЕНЕВ. /ANADOLU/. Саагийн тархалттай улсуудын жагсаалтаас Нигерийг хассанаар Африк тив бүхэлдээ энэ өвчний тархалтыг дарж чадсаныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдэгдлээ.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, 2014 оны долдугаар сараас хойш саагийн халдвар авсан нэг ч тохиолдол Нигерид бүртгэгдээгүй байна.

2012 онд Нигерид саагийн 122 тохиодол бүртгэгдэж байжээ. Энэ нь дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн саагийн нийт тохиолдлын талаас илүү хувь аж. Гэхдээ вакцинжуулах ажлыг эрчимтэй хийснээр энэ өвчний тархалтыг хяналтдаа оруулж чаджээ.

Нигерийг жагсаалтаас хассанаар саатай улсуудын жагсаалтад одоо Афганистан болон Пакистан л үлдлээ.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, энэ он гарснаас хойш Афганистан болон Пакистанд саагийн 41 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Тус хоёр улсад хүүхдүүдэд вакцин хийх гэсэн эмнэлгийн ажилчдад лалын босогчид саад болсоор байгаа аж.

Дэлхий дахинд саагийн тархалтыг зогсоохын төлөө үргэлжлүүлэн ажилласаар байхыг ДЭМБ уриалж байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд