Толгойт дэд төвийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-09-30 10:09:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн гурав дахь үе шат болох Толгойт дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг өчигдөр эхлүүллээ.

Толгойт дэд төв нь Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20, 22, 34, 35 дугаар хорооны 153.4 га газар нутаг хамрах бөгөөд 26 км цэвэр усны шугам, 6 км ариутгах татуургын шугам, 78 км дулаан хангамжийн шугам сүлжээ, 14 км урт цахилгаан холбооны шугам сүлжээ, 69 км авто зам багтаж байгаа. Мөн 74 га газарт цэцэрлэгт хүрээлэн, 240 хүүхдийн цэцэрлэг, Олон нийтийн хөгжлийн төв, Сургалтын төв, Эрүүл мэндийн төв зэрэг инженерийн дэд бүтэц, нийгмийн барилга байгууламжийн бүтээн байгуулалт хийх юм. Ингэснээр энэ бүсэд цэцэрлэгийн насны хүүхдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүрээ өргөжиж, сургалтын төвөөр дамжуулан мэргэжил олгосноор мэргэжилтэй ажилчин олширч, бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээний хүртээмж сайжирна. Мөн авто зам, дулаан, ус, цахилгаан хангамж зэрэг инженерийн дэд бүтэц ашиглалтад орсноор нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг гэр хорооллын иргэдэд ойртуулах боломж бүрдэх юм.

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжлүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд “Толгойт дэд төвийн бүтээн байгуулалт эхэллээ. Зураг төслөө хоёр жилийн хугацаанд хийсэн. Энэ газар Бизнес инкубатор төв барина. Үерийн далангийн ажлын зураг бэлэн болсон” гэлээ.


Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотой Азийн Хөгжлийн банк, Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр дээрх төслийг гурван үе шаттай хэрэгжүүлж, зургаан дэд төвийн шинэ байр, инженерийн дэд бүтэц, нийгмийн барилга байгууламжийг есөн жилийн хугацаанд хийнэ. Эхний шатанд нийслэлийн хойд бүсийн гэр хорооллыг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэх ажлын явц 82 хувьтай, төслийн хоёр дахь шатанд Дэнжийн мянга, Дамбадаржаа дэд төвийн ажил 24.47 хувьтай үргэлжилж байна. Цаашид тухайн дэд төвүүд барилгажих, нийгэм эдийн засгийн хувьд бие даан хөгжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, инженерийн болон дэд бүтцийн хангамжийг цогцоор нь шийдэх юм. 

Холбоотой мэдээ