Ган, зудын эрсдэлийн үнэлгээний баг Говь-Алтай аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-10-01 22:14:03

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссоос томилсон ган, зудын эрсдэлийн үнэлгээний баг Говь-Алтай аймагт ажиллалаа.


Тус багийнхан ган бүхий аймгуудын цагийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, өвөлжилтийн бэлтгэл болон хүн эмнэлгийн бэлэн байдалтай газар дээр нь танилцах, ган зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмжөөр хангах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулан Улсын онцгой комисс, Монгол Улсын Засгийн газарт танилцуулах зорилготой ажээ.

Мөн үеэр Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн холбогдох асуудлаар мэдээлэл хийсэн бол аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат ихэнх сумын хэмжээнд тулгамдаад байсан үлийн цагаан оготнын устгал, зун зуншлагын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар танилцуулаад өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх, отор нүүдлээр яваа айл өрхүүдийг хөөж туухгүй, татвар нэхэхгүй байх асуудлаар нэгдсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, зам, даваа хаагдахаас сэргийлж техникийн бэлэн байдлыг хангуулахад дэмжлэг, туслалцаа шаардлагатай байгааг онцлон танилцуулсан юм.

Ажлын багийн ахлагч Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, Дэд хурандаа  Д.Баасансүрэн "Ковид-19" цар тахлын үед Аймгийн онцгой комиссыг  сайн ажиллаж буйг сайшаагаад:

-Отроор яваа айл өрхүүдтэй тогтмол холбоо тогтоож, малыг нь отроор өвөлжүүлэх тухай удирдлагын түвшинд хамтарч ажиллах тэдний эрүүл мэнд, нийгэм, амьжиргааны асуудалд хяналт тавих;

-Аймаг, сумдын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэх ажлыг шуурхайлах;

-Эдийн засгийн эргэлтэд оруулах малын тоог нэмэгдүүлэх, мал, мах бэлтгэлийн ажлыг эрчимжүүлэх;

-Бүх зорилтот бүлгүүдийн нөхцөл байдлыг тооцсон нарийн үзүүлэлт судалгааг гаргаж, эрсдэлийг дүгнэхэд нягт уялдаа, холбоотой ажиллах үүрэг даалгаврыг өглөө.


Холбоотой мэдээ