Өсвөрийн шатарчид тивээ төлөөлөх багт орж онлайн тэмцээнд өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-02 14:32:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын шатрын холбоо /МШХ/-ноос нь “COVID-19” халдварын үеэр дэлхий нийт хорио цээрийн дэглэмд шилжээд буй энэ хугацаанд гадаад харилцаа, хамтын ажиллагааны хувьд Азийн шатрын холбоотой хамтран ажиллаж байна.


Үүний үр дүнд Их мастер Юдит Полгарын нэрэмжит 6 дахь удаагийн "Global Chess" фестивалийн хүрээнд Европын шатрын нэгдэл (ECU) болон Дэлхийн шатрын холбооны Хөгжлийн сангаас 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Tornelo цахим сайтаар зохион байгуулах Тив хоорондын цомын аварга шалгаруулах онлайн багийн тэмцээнд Монгол Улсаас 4 өсвөрийн шатарчид бусад орны шилдэг өсвөрийн шатарчидтай цуг нэг баг болж Ази тивээ төлөөлөн оролцохоор болжээ.


Уг тэмцээнд Дэлхийн шатрын холбоо /ФИДЕ/-ны тивүүд болох Ази, Африк, Европ, Америк гэсэн 4 тивийн хооронд тив бүрээс сонгогдсон 8 эмэгтэй, 8 эрэгтэй нийт 16 өсвөрийн шатарчид нэг баг болон давхар тойргийн багийн системээр цагийн хяналт талдаа 10 минут, нүүдэл бүрт 2 секундын нэмэгдэлтэйгээр түргэвчилсэн буюу рапид төрлөөр өрсөлдөх юм.

 

Азийн шатрын холбооноос доор дурдсан Монголын өсвөрийн шатарчид сонгогдон уг тэмцээнд урилгаар оролцох юм.

 

1. ДШХДМ Э.Азжаргал

2. ДШХДМ Б.Тэнүүнболд

3. ДШХДМ Л.Очирбат

4. ДШХМ Д.Мөнхзул

 

Тэмцээн давхар тойргийн багийн системээр 6 өрөг тоглох бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 22:30 - 01 цагийн хооронд Tornelo цахим сайт дээр зохион байгуулна. Тэмцээнд Ази, Европ, Африк, Америк гэсэн нийт 4 тив тус бүрээс сонгогдон оролцсон 64 өсвөрийн шатарчид Их мастер Юдит Полгарын 1 цаг 30 минут үргэлжлэх "Masterclass" хичээлд суух эрхээр шагнагдах юм байна.

 

Ази тивийн багийн ахлагчаар Энэтхэгийн Шатрын холбооны Дэд ерөнхийлөгч Бхарат Сингх ажиллана. 





Холбоотой мэдээ