"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил" зарлах санаачилгыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-02 16:27:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын ХХААБ-ын хөдөө аж ахуйн дэд хорооны хуралдаанаар 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил"-ээр зарлах Монгол Улсын Засгийн газрын санаачилгыг 196 орон дэмжихээ илэрхийлэв.

Ингэснээр олон улсын жил зарлуулах эхний алхмаа хийлээ. Улаанбаатар хотод 2018 онд болсон Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн түншүүдийн VIII хурлын үеэр Монгол Улс санаачлан тэргүүлж ажиллах тохиолдолд бусад улс, НҮБ-ийн төрөлжсөн байгууллага бүрэн дэмжихээ мэдэгдсэн. Энэ дагуу ХХААХҮ яамнаас "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил"-ийг санаачлан дэмжүүлэх тухай саналаа НҮБ-ын ХХААБ-д 2018 онд хүргүүлсэн. Олон улсын хэмжээнд "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил"-ийг санаачлах хороо байгуулж, Монгол Улсын саналыг дэмжин, бусад улс орноос дэмжлэг авах, төслийн санал боловсруулж, батлуулахад хамтран ажиллахаа мэдэгджээ.

НҮБ-ын ХХААБ-ын Хөдөө аж ахуйн дэд хорооны хурлын хэлэлцэх асуудлын төсөлд манай улсын мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил зарлуулах санаачилгыг дэмжих тухай албан хүсэлтийг энэ оны 2 дугаар сард ГХЯ-наас НҮБ-ын гишүүн улсад хүргүүлсэн. Үүнийг батлуулахад бусад орны дэмжлэг чухал тул www.IYR&P.info вэб хуудас нээж, олон улсын дэмжигч бүлэгтэй хамтран ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ