“Иж бүрэн түншлэлийн харилцаа”-г “Стратегийн түншлэл” түвшинд хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-06 12:53:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНСУ дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улс, БНСУ-ын түншлэлийн харилцаа-30 жил” эрдэм шинжилгээний бага хурал, гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 8-нд гаргана.


ГХЯ, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран зохион байгуулах эрдэм шинжилгээний хурлаар хоёр улсын өнөөгийн харилцааг дүгнэж, улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны хэтийн төлвийг тодорхойлно. Түүнчлэн, хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх бэлтгэл хангах, салбар бүрийн зорилтыг тодорхойлоход дөхөм болох аж.


Гэрэл зургийн үзэсгэлэнгээр хоёр улсын дипломат харилцаа тогтоосноос хойш харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан төр, засгийн удирдлагын харилцан айлчлал, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг түүхэн замнал болгон харуулна. “Үзэсгэлэнд ГХЯ-ны төв архиваас гадна БНСУ-ын Засгийн газрын Архив болон судлаач, ахмад дипломатуудын цуглуулсан түүхэн гэрэл зургуудыг анх удаа үзмэр болгон дэлгэж буйгаараа онцлог”-ийг ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Э.Сарантогос өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр тэмдэглэв. 


Монгол Улс БНСУ-тай 1990 оны гуравдугаар сарын 26-нд дипломат харилцаагаа тогтоосон. Монгол дахь БНСУ-ын ЭСЯ-ыг 1990 оны 6 сарын 18-нд, БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-ыг 1991 оны хоёрдугаар сарын 1-нд байгуулжээ. 

Холбоотой мэдээ