БНСУ-д хүнсний бүтээгдэхүүний үнэ өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-10-06 13:00:28

СӨҮЛ. /TASS/. БНСУ-д загас агнуур, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ ихээхэн өссөн байна. Тус улсын Үндэсний статистикийн газраас мэдээлснээр, эдгээр төрлийн бүтээгдэхүүнүүдийн үнэ есдүгээр сард 13.5 хувиар өсөж, сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ.


Хэт их удаан үргэлжилсэн борооны улирлын улмаас хүнсний ногоо болон хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүний үнэ сүүлийн 10 гаруй жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрч өсжээ. Үүний зэрэгцээ олон тооны хүнсний бүтээгдэхүүний үнэ хэд дахин, зарим тохиолдолд тав гаруй дахин нэмэгдсэн байна.


БНСУ-д өргөн хэрэглээний барааны үнэ есдүгээр сард жилийн дундаж үзүүлэлтээс 1 хувиар өссөн нь мөн сүүлийн зургаан сарын хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Есдүгээр сард инфляцийн өсөлт өмнөх сартай харьцуулахад 0.7 хувьтай, харин хөдөө аж ахуй, нефтийн бүтээгдэхүүнийг оруулаагүй тооцсон суурь инфляци 0.9 хувьтай гарчээ. Инфляцийн өсөлт нь БНСУ-ын Төв банкны мөнгөний бодлогыг зөөлрүүлэх боломжийг хязгаарлаж магадгүй гэж шинжээчид болгоомжилж байна.


Холбоотой мэдээ