Монголын говиос үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийн үлдэгдэл олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2020-10-08 11:51:50

ЛОНДОН. /Daily Mail/. Палеонтологчид шүдгүй, өд сөдтэй, урд мөчөндөө ердөө хоёр хуруутай үлэг гүрвэлийн маш ер бусын шинэ төрөл зүйлийг олж илрүүлжээ. Эдгээр үлэг гүрвэлүүд нь гадаад төрхөөрөө аварга том тоть шувуутай төстэй байсан гэж эрдэмтэд таамаглаж байгаа аж. Үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийн талаарх тайлбарыг “Royal Society Open Science” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ.


Эдинбургийн их сургуулийн судлаач Грегори Фанстонагаар ахлуулсан эрдэмтэд Монголын говиос өдтэй үлэг гүрвэлийн маш сайн хадгалагдан үлдсэн бүрэн бүтэн хэд хэдэн араг яс олжээ. Шинэ төрөл зүйлийг Алтайн домогт гардаг дүр болох "Оксоко" хэмээх гурван толгойт бүргэдийн нэрээр “Oksoko avarsan” хэмээн нэрлэсэн байна. Энэ нь гавлын гурван ясыг хамтад нь олсонтой холбоотой бол нэрийн хоёр дахь хэсэг нь монголоор "аврагдсан" гэх утгатай бөгөөд олдворыг хууль бусаар малтлага хийгчдээс аварсан учраас ийнхүү нэрлэжээ.


Судлаачид оксоко нь хоёр метрийн урт биетэй, холимог тэжээлтэн амьтан байсан гэж таамаглаж байна. Энэ үлэг гүрвэл нь  тоть шиг шүдгүй, том хошуутай байсан бөгөөд урд мөч тус бүрт ердөө хоёр хуруутай аж. Гурав дахь хуруу нь дутуу хөгжилтэй хэлбэрээрээ үлдсэн байна.



Энэхүү олдвор нь 68 сая орчим жилийн настай аж. Мөн одоогийн Монгол, Хятадын нутагт цэрдийн галавын сүүл үед амьдарч байсан гурван хуруут үлэг гүрвэл гэгддэг овирапторууд нэг хуруугаа алдсаны хамгийн эртний нотолгоо болжээ. Хойд Америк, Зүүн Азид шилжин суурьшсаныхаа дараа шинэ нөхцөлд дасан зохицох болсноор овирапторуудын мөчнүүдийн хэмжээ жижгирч, өөрчлөгдсөн гэж эрдэмтэд таамагладаг байна. 


Олдсон бүх яс залуу үлэг гүрвэлүүдийнх бөгөөд бүгд нэг дороос олдсон учир сүрэглэж амьдардаг байсан гэж судлаачид үзэж байгаа аж.


Эрдэмтдийн таамаглаж байгаагаар, 66 сая жилийн өмнө цэрдийн галав ба палеогений мөхлийн заагт явагдсан "их мөхлийн үе"-д шувуу бус бүх үлэг гүрвэл дэлхийн хөрснөөс алга болсон байна.


Судалгаанд Их Британийн эрдэмтдээс гадна, Канад, Япон, Монголын эрдэмтэд оролцжээ.


Холбоотой мэдээ