Манай улсад 7.5 мянган тонн аккумулятор хаягдаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-10-13 18:27:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад өнөөдрийн байдлаар 7.5 мянган тонн аккумулятор хаягдаад байна. МХЕГ-аас хийсэн хамтарсан шалгалтаар аккумулятор дахин боловсруулах үйлдвэрүүдийг өнгөрсөн оны 4 дүгээр сард хаажээ. Үүнээс үүдэн дээрх хэмжээний хаягдал аккумулятор бий болжээ. 

Аккумулятор нь хөрс, ус бохирдуулдаг, байгаль орчинд хор нөлөө их учир аюултай байдал үүсээд байна. Тиймээс энэ хог хаягдлыг хэрхэн яаж шийдэх талаар өнөөдөр мэргэжилтнүүд хэлэлцлээ. Энд хаягдал аккумуляторыг бүрэн устгах, эсвэл дахин боловсруулах үйлдвэрүүдийг дахин ажиллуулах гэсэн хоёрхон гарц байгаа аж. Тиймээс аккумулятор дахин боловсруулах үйлдвэрүүдэд үйл ажиллагааны үнэлгээг БОАЖЯ, НМХГ-аас хийж, аюулгүй ажиллагааны стандарт, нөхцөл байдлыг хангуулах хэрэгтэйг зарим мэргэжилтэн санал болгож байв. 

Хаягдал аккумулятор нь хүн, амьтны эрүүл мэндэд заналхийлж байгаа энэ үед томоохон шийдвэртэй алхам хийх шаардлагатайн үүднээс МХЕГ, ШӨХТГ болон мэргэжлийн байгууллага, ТББ-ын төлөөлөгч нар хамтран “Хаягдал аккумулятор байгаль орчинд үзүүлэх хор нөлөө түүнийг шийдвэрлэх гарц” хэлэлцүүлэг хийлээ. 


Автомашин, бусад техник, цахилгааны хангамжид хэрэглэж буй аккумулятор нь аюултай, хортой хог хаягдалд тооцогддог. Тиймээс байгаль орчныг бохирдуулж буй энэ хог хаягдлыг устгах, дахин боловсруулах шаардлагатайг өнөөдөр хэлэлцлээ. ШӨХТГ-ын мэдээгээр манай улсад жилд 5 мянган тонн аккумулятор хаягддаг байна. Дахин боловсруулах үйлдвэрүүдийг хааснаар аккумулятор газар сайгүй хаягдаж байна. Ялангуяа энэ нь хөдөө, орон нутагт, малчдын хотонд ихээр бөөгнөрч байна. 


Холбоотой мэдээ