Дэлхийн статистикийн өдрийг угтан НҮБ-аас мэндчилгээ дэвшүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-10-14 13:29:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн статистикийн өдөр энэ сарын 20-нд тохиохтой холбогдуулан НҮБ-ын Статистикийн хэлтсийн дарга Стефан Швайнфест мэндчилгээ дэвшүүлжээ. 


Тэрээр, энэ жилийн Дэлхийн статистикийн өдөртэй НҮБ-ын 75 жилийн ой болон Дэлхийн дата форум (World Data Forum) давхцаж байгааг онцолжээ. НҮБ-ын Статистикийн комиссоос энэ жилийн уриаг “Найдвартай тоон мэдээллээр эх дэлхийгээ холбож, нэгтгэе” уриан дор зохион байгуулахаар болсныг дурдсан байна.


Тэрээр мэндчилгээндээ, “COVID-19”-ийн цар тахлын улмаас өөрчлөгдөж буй хэрэгцээнд статистикийн системээ нийцүүлж байгаа энэ үед "Дэлхийн статистикийн өдөр 2020"-ийг тэмдэглэж байгаа нь өмнөх жилүүдийнхээс онцлогтой юм. Манай тоон мэдээллийн стандарт, үндэсний статистикийн системийн бие даасан байдал, албан ёсны статистикийн үндсэн зарчмууд нь тоон мэдээллийн экосистем хөгжихийн хэрээр статистикийг нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад ашиглаж, статистик тоон мэдээлэлд итгэх итгэлийг нэмэгдүүлж байна. Итгэлцэл бол бидний үндэс суурь юм" хэмээн тэмдэглэжээ.


"2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бол найдвартай мэдээллийн ач холбогдлыг дэлхий даяар таниулах өдөр юм. "Дэлхийн статистикийн өдөр 2020"-ийг дэлхийн хэмжээнд үндэсний статистикийн байгууллагууд, бүс нутгийн болон олон улсын байгууллагууд, мөн НҮБ-ын системийн байгууллагууд их дээд сургуулиуд хамт тэмдэглэн өнгөрүүлэх болно. Энэ жилийн энэ өдөр бол ирээдүйн мэргэжлийн статистикч нарт урам зориг өгөх боломж билээ" гэдгийг мөн тэмдэглэжээ. 


Холбоотой мэдээ