Сонгуулийн санал авах байранд 575 ажиглагч ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-15 09:34:28

Ховд /МОНЦАМЭ/. "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгууль"-ийн санал хураалт энэ сарын 15-ны өдөр орон даяар эхэллээ.

Орон нутгийн ээлжит сонгуулийн санал хураалтыг Ховд аймгийн хэмжээнд 17 сум, 91 багийн хэсгийн хороонд зохион байгуулж байна. Үүнд хэсгийн хорооны дарга, гишүүн, цагдаа, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагын ажилтан зэрэг 1200 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.

Ингээд орон нутгийн ээлжит сонгуулийн Долоодугаар хэсгийн хороо буюу Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн санал авах үйл ажиллагааны нээлт боллоо.

Тус үйл ажиллагааны нээлтэд Ховд аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Сандагсүрэн болон хэсгийн хорооны гишүүд, нэр дэвшигч, иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл оролцсон юм.

Жаргалант суманд нийт 19345 сонгогч бүртгэлтэй байгаагийн 1622 нь Магсаржав багийн иргэн юм. Үүнээс 9 нь зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгсөн байна.  

Санал авах үйл ажиллагаа орон нутгийн цагаар 19:00 цаг хүртэл үргэлжлэх тул иргэд харьяа санал авах байранд очиж, идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байв.   

Орон нутгийн ээлжит сонгуулийн санал авах байранд дөрвөн нам эвслийн төлөөлөл 575 хүн ажиглагчаар ажиллаж байна. Тодруулбал, орон нутгийн ээлжит сонгуулийн Долоодугаар хэсгийн хороо буюу Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн санал авах байранд долоон ажиглагч ажиллаж байгаа юм. 


Холбоотой мэдээ