Завханд нийт сонгогчдын 67.2 хувь нь саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-10-15 20:30:44

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт нийт 47014 сонгогч санал өгөхөөс 31620 сонгогч саналаа өгчээ.

Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн ирц 19:00 цагийн байдлаар 67.2 хувийн ирцтэй байна. Сонгуулийн санал авах үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 124 дүгээр тогтоолоор батлагдсан “Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журмын дагуу явууллаа.


Тус аймагт Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд буюу аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нийт 41 мандатын төлөө 91 хүн нэр дэвшжээ. Харин Завхан аймгийн 24 суманд нийт 452 мандатын төлөө 930 хүн өрсөлдсөн байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд өрсөлдөж буй нийт нэр дэвшигчдийн 71 нь эрэгтэй, 20 эмэгтэй нэр дэвшигч байна.

Харин 24 сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд 663 эрэгтэй, 267 эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөж байна. Энэ удаагийн сонгуулийн ажилд Завхан аймагт нийт 115 санал авах байранд 1083 төрийн албан хаагч ажиллаж байна. Үүнээс аймгийн Сонгуулийн хороонд 9 хүн, 24 сумын сонгуулийн хороонд 126 төрийн албан хаагч, санал авах байрны зохион байгуулагчаар нийт 834 төрийн албан хаагч, мэдээлэл технологийн багт нийт 144 төрийн албан хаагч ажиллалаа гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв. 

Холбоотой мэдээ