Манзуширын амнаас самар түүсэн хоёр отгийн 40 гаруй иргэнийг буулгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-10-21 16:13:07

Төв /МОНЦАМЭ/. Богдхан уулын байгалийн мод, ургамал, түүний олон янз байдлыг хамгаалах, нөөцийг зохистой ашиглаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж энэ сарын 20-ны өдөр Богдхан уулын Манзуширын амнаас шуудай шуудайгаар нь самар байсан хоёр отогийн 40 гаруй иргэнийг буулгаж 11 шуудай самар зөрчил илрүүлсэн талаар Төв аймаг дахь Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Баянмягмар мэдээллээ. 

Тодруулбал Төв аймаг дахь цагдаагийн газар, Экологийн цагдаагийн алба,  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран Богдхан уулын байгалийн мод, ургамал, түүний олон янз байдлыг хамгаалах, нөөцийг зохистой ашиглаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор энэ сарын 20-ны өдрөөс 23-ны өдрийг хүртэл хяналт шалгалтыг хийж байгаа аж. Шалгалтын үеэр Түргэн, Төрхурах, Манзуширын аманд шалгалт хийж, самар хууль бусаар түүж буй иргэдийг уулнаас албадан буулгажээ.  

Хяналт шалгалтын хүрээнд дархан цаазат газраас хуш модны самар түүж бэлтгэсэн, боловсруулсан болон бусад хууль бус үйлдлийг илрүүлсэн тохиолдолд хуульд заасан арга хэмжээг авч ажиллах юм.


Дархан цаазат газраас байгалийн мод, ургамал, ойн дагалт баялаг буюу хуш модны самрыг түүж бэлтгэхийг хориглодог. Хэрэв та хуш модны самрыг түүж, бэлтгэх бол 9 дүгээр сарын 10-наас дараа оны 3 дугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ. Харин ашиглах зориулалт, хэмжээнээс хамаарч нэг удаагийн эрхийн бичгийг иргэнд 10 хүртэл хоног, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад 21 хүртэл хоногийн хугацаатайгаар судалгаа шинжилгээний зориулалтаар 1 удаа 10 кг, ахуйн зориулалтаар 1 удаа 25 кг хүртэл түүж бэлтгэхийг зөвшөөрдөг байна. 

Холбоотой мэдээ