Б.Баттөмөр: Нэг хүн банкны хувьцааны 20-иос дээш хувийг эзэмшихийг хориглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-10-21 14:52:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.


Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Төрөөс банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлж, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах зорилгоор банкны хяналт, шалгалтыг сайжруулж, олон улсын стандарт, зарчмыг үе шаттай нэвтрүүлэх бодлого баримталж байгаа юм. Өнгөрсөн сарын 30-ны байдлаар банкны салбарын нийт 35.2 их наяд төгрөгийн активын 90 орчим хувийг олон нийтийн хөрөнгө бүрдүүлж байгаа бол 10 орчим хувийг банкны хувьцаа эзэмшигчид хамаарах өөрийн хөрөнгө бүрдүүлж байгааг тэрбээр төслийн танилцуулгынхаа үеэр дурдав.

Дээр дурдсан 10 орчим хувь нь олон нийтийн хяналтаас ангид байгаа банкны хувьцаа эзэмшлийг хэт төвлөрсөн байдалд шилжүүлж, төлбөрийн чадварт нь нөлөөлөн, төрөөс их хэмжээний зардлаар шийдэхүйц хямралд ч хүрэх эрсдэл дагуулдаг байна. Тиймээс банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банкны шийдвэрийг цөөн тооны этгээдээс хамааралгүй болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Тодруулбал, банк нь зөвхөн хувьцаат компани хэлбэртэй байх, хүн, аливаа хуулийн этгээд банкны хувьцааны 20-иос дээш хувийг эзэмшихийг хориглох зохицуулалтыг тусгасан байна. Хуулийн төслийг баталснаар банканд өмчлөл, удирдлагын хэт төвлөрсөн байдал арилж, банкны үйл ажиллагаа нээлттэй, ил тод болно хэмээн төсөл санаачлагч үзжээ.


Уг хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Холбоотой мэдээ