Сонгино сумын хүүхдүүд тарьсан модоо арчлах хуваарь гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-24 11:11:22

 

Завханы Сонгино сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид мод тарих өдрөөр сумынхаа иргэдийг уриалж 100 гаруй мод суулгажээ.

Хүүхдүүдийн санаачилгыг дэмжиж сургуулийн захиргаа сумын ЗДТГ, ИТХ-аас нийт сумынхаа иргэдийг уриалж энэ өдөр сумын хэмжээнд 260 гаруй суулгацыг суулгажээ. Цаашид тус сургуулийн хүүхдүүд тарьсан модоо усалж тордож байх хуваарь хүртэл гаргасан байна. Мөн хэний арчилж тордсон мод сайн ургах бол хэмээн аян зарлаж ирэх намар дүгнэж урамшуулахаар болжээ.

Дашрамд тус сургуульд 12 бүлэгт 321 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 12 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн аймгийн шилдэг сургуулиудын нэг юм.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ