Л.Хэмилтон "Формула-1"-д түрүүлсэн тоогоороо М.Шумахерийг гүйцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-26 11:21:37

МОСКВА. /TASS/. Их Британийн нисэгч “Мерседес” багийн гишүүн Льюис Хэмилтон "Формула-1" ангиллын машины уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Португалийн Гран-прид түрүүлжээ. 


Өдгөө 35 настай Хэмилтон карьерынхаа хугацаанд 92 дэх удаагаа ялж, энэ үзүүлэлтээрээ "Формула-1"-н долоон удаагийн аварга Михаэль Шумахерийн дээд амжилтыг эвджээ.  


Португалд хамгийн сүүлд 1996 онд "Формула-1" зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ удаагийн уралдаан Португалийн Алгервид болсон байна. Уралдаанд Хэмилтон амжилт гаргах магадлал өндөр байсан ч эхэн үедээ нөхцөл байдал түүнд ашигтайгаар эргээгүй юм. Аажмаар Хэмилтон нөхцөл байдлыг хяналтадаа авч чадсанаар өрсөлдөгчөө ардаа орхиж чаджээ.


Энэ уралдаанд багийнх нь гишүүн Боттас хоёрдугаарт орж, "Ред Булл" багийн нисэгч Макс Ферстаппен гуравдугаарт оржээ. Нийлбэр дүнгээр 256 оноогоор Хэмилтон тэргүүлж яваа бол Боттас 179 оноотойгоор, Ферстаппен 162 онооны нийлбэрээр хоёрдугаарт болон гуравдугаарт тус бүр жагсаж байна.


"Дээд амжилт тогтоосондоо итгэж чадахгүй байна" хэмээн Хэмилтон уралдааны дараа мэдэгджээ. 

Холбоотой мэдээ