Нью-Йоркт халдвар авсан хүний тоо хагас сая давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-10-26 15:23:53

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ даяар коронавирусний халдварын үзүүлэлтүүд нэмэгдэж буй энэ үед Нью-Йорк муж улс нь халдварын хагас сая тохиолдол бүртгэгдсэн дөрөв дэх муж улс болжээ. Нью-Йорк нь АНУ-д тархсан “COVID-19” цар тахлын голомтод тооцогдож байсан юм.


Reuters” агентлагийн мэдээллээр, Нью-Йоркт өнгөрсөн дөрвөн долоо хоногт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо өмнөх дөрвөн долоо хоногийнхоос 80 хувиар өсжээ. Мөн сүүлийн өдрүүдэд хоёр ч удаа халдварын шинэ тохиолдлын тоо өдөрт 2000-ыг давсан нь тавдугаар сараас хойш бүртгэгдээгүй үзүүлэлт болжээ.


Гэсэн хэдий ч дөрөвдүгээр сарын 10-нд халдварын 12487 тохиолдол бүртгэгдэж, халдвараар нас барсан хүмүүсийн цогцсыг эмнэлгийн гадна хөргүүр бүхий ачааны тэргэнд хадгалж байсан үетэй харьцуулахад цөөн байгаа ажээ. Нью-Йоркт өнөөдрийн байдлаар 33 мянга гаруй хүн халдварын улмаас нас барсан нь АНУ-даа нэгдүгээрт жагсах өндөр үзүүлэлт юм.


АНУ-ын муж улсуудаас Калифонид хамгийн олон буюу 900 мянга гаруй тохиолдол илэрсэн бол тус муж улсын араас Техас, Флорида жагсаж байна. Харин халдварын тохиолдлын тоог оршин суугчийн тоотой харьцуулсан үзүүлэлтээр Хойд Дакота, Өмнөд Дакота, Луизиана эхэнд бичигдэж байна.


Дэлхийн улс орнуудаас халдварын тохиолдол, нас барсан хүний тоогоороо нэгдүгээрт жагсаж буй АНУ-д 8.6 сая хүн халдвар авч, 225 мянга гаруй хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ