Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элссэний 59 жилийн ой тохиож байна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-10-27 11:36:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс НҮБ-ын Бүрэн эрхт гишүүнээр элссэний 59 жилийн ой өнөөдөр тохиож байна.


Дэлхийн хоёрдугаар дайны дараа олон улсын энхтайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, улс гүрнүүдийн хооронд эрх тэгш байдлыг хангах зорилгоор 1945 оны 10 дугаар сарын 24-нд АНУ-ын Сан Франциско хотноо 51 нэгдэж НҮБ-ыг байгуулсан түүхтэй. Эдүгээ тус байгууллагын дүрмийг хүлээн зөвшөөрч, баримтлахаа илэрхийлсэн 193 улс гишүүнээр элсээд байна.


Монгол Улс НҮБ байгуулагдсанаас нэг жилийн дараа буюу 1946 онд тус байгууллагад гишүүнээр элсэх анхны өргөдлөө хүргүүлж байв. Үүнээс хойш 1947, 1948, 1949, 1952, 1955, 1956, 1957 онд гишүүнээр элсэх өргөдөл гаргаж, дөрвөн удаа хэлэлцүүлсэн ч амжилтад хүрээгүй байна. Улмаар 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 16 дугаар чуулганаар БНМАУ-ыг гишүүнээр элсүүлэх тогтоолыг баталснаар энэ байгууллагын "босгыг алхсан” түүхтэй. Тус чуулганд Монгол Улсыг төлөөлөн Гадаад Явдлын Яамны орлогч сайд Д.Цэвэгмид тэргүүтэй төлөөлөгчид оролцож байжээ.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, “Туурга тусгаар улс гэдгээ дэлхийн түвшинд тунхаглан зарлаж, бусад улс үндэстнээр хүлээн зөвшөөрүүлсэн явдал нь Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны хамгийн гол ач холбогдол юм” хэмээн энэ сард ГХЯ-ны албан ёсны цахим хуудсанд өгсөн ярилцлагадаа онцолжээ.


Манай улс өнгөрсөн 59 жилд 294 олон талт гэрээ, конвенцид нэгдэж, 80 орчим олон улсын болон бүс нутгийн засгийн газар хоорондын байгууллагад элссэн байна. НҮБ-д элсэж байх үед Монгол Улс ердөө 19 улстай дипломат харилцаатай байсан бол эдүгээ дэлхийн 192 улстай дипломат харилцаа тогтоогоод байна. Мөн хугацаанд НҮБ болон түүний системийн  байгууллагууд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, засаглалын хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан байна. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын системийн байгууллагууд, сан, хөтөлбөрийг төлөөлсөн 11 байгууллага Монгол Улсад суурин ажиллаж байна.


Өнгөрсөн хугацаанд Монгол Улс НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй хувь нэмэр оруулахыг чармайж ирэв. Түүний дотор олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, энхийг сахиулах, зэвсэг хураах асуудлаас эхлээд ардчилал, боловсрол, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, хоршооллыг дэмжих, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тусгай хэрэгцээ шаардлагыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг 20 шахам сэдвийн хүрээнд 90 гаруй тогтоол батлуулсан байдаг. Түүнчлэн НҮБ-ын бүтцийн үндсэн зургаан байгууллагын хоёрт буюу Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гишүүнээр хоёр удаа (1973-1976, 2010-2012), Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр нэг удаа (2016-2018) сонгогдон ажиллаж байв.


Монгол Улс 1992 онд өөрийн нутаг дэвсгэрийн цөмийн зэвсэггүй статусыг зарласан. Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос эхлэн амжилттай оролцсон. Сүүлийн жилүүдэд манай улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд тогтмол 800-1100 орчим цэрэг, цагдаагийн албан хаагчийг оролцуулж байгаа юм. “COVID-19” цар тахлын үед ч Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, Өмнөд Судан дахь энхийг сахиулах ажиллагаанд 10 дахь ээлжийн цэргийн багаа илгээгээд буй юм.


Ташрамд сонирхуулахад, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нараас Перес де Куэльяр, Курт Вальдхайм, Кофи Аннан, Бан Ги Мун нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байсан түүхтэй.

Холбоотой мэдээ