Чехэд хөл хорих цаг тогтооно

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-10-27 15:16:07

ПРАГА. /Reuters/. Чехийн Засгийн газар коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд оройны 21 цагаас хөл хорьж, ням гарагт жижиглэн худалдааг хязгаарлахыг үүрэг болголоо гэж тус улсын сайд нар мэдээлжээ.


Чех нь хүн амын тоо болон халдварын тохиолдлыг харьцуулсан үзүүлэлтээрээ Европтоо нэгдүгээрт жагсаж байгаа бөгөөд тус улсын Засгийн газар сүүлийн хоёр долоо хоногт хязгаарлалтын арга хэмжээнүүдийг гурван удаа чангатгасан байна.


10.7 сая хүн амтай Чехэд халдвар авсан хүний тоо сүүлийн үед огцом нэмэгдэж, өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар халдварын 12 мянга гаруй тохиолдол шинээр илэрсэн нь эмнэлгийн ачааллыг улам нэмэгдүүлсэн нь тодорхой юм.


Гэвч Чехийн эрх баригчид Европын бусад орны нэгэн адил хатуу хөл хорионы арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээс зайлсхийхийг зорьж байна. Цар тахал дэгдэж эхлэх үед буюу энэ хавар тогтоосон хөл хорио эдийн засагт ихээхэн хохирол учруулсан билээ.


Чехийн Эрүүл мэндийн сайд Роман Примула шөнийн цэнгээний газар, зоогийн газар болон жижиглэн худалдааны дэлгүүр, сургуулиудын дийлэнхийг хаах шийдвэрийг өмнө нь танилцуулсан боловч эдгээр нь халдварын үзүүлэлтүүдийг бууруулаагүй байна.


Үүнтэй холбоотойгоор Засгийн газар 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 3-нд оройны 21 цагаас өглөөний 05 цаг хүртэл хөл хорих шийдвэр гаргажээ. Сайд нарын мэдээлснээр, сурагчдыг эргэн танхимд хичээллүүлэх эсэхийг хараахан шийдвэрлээгүй байгаа ажээ.


Чехэд өнөөдрийн байдлаар 263572 хүн халдвар авснаас 5613 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

Холбоотой мэдээ