Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг он дуустал сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-28 12:33:47
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг он дуустал буюу 12 дугаар сарын 31 хүртэл сунгалаа. 


УОК-ын энэ сарын 26-ны хуралдаанаар COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгах санал гаргаж Засгийн газарт хүргүүлсэн юм. Энэ сарын 27-ны байдлаар, улсын хэмжээнд коронавирусний халдварын 340 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 312 хүн эдгэрч, 28 хүн эмчлүүлж байна. Долоон хүний бие хүндэвтэр, 20 хүнийх хөнгөн байгаа тухай албаныхан танилцуулсан. 


Мэргэжлийн байгууллагуудын баг энэ сарын 25-нд 13 дахь удаа эрсдэлийг үнэлэхэд халдвар зөөврөөр орж ирэх болон хүн амын дунд тархах эрсдэл "Өндөр" гэж гарчээ. Өнөөдрийн байдлаар 99 удаа захиалгат нислэг үйлдэн гадаадын 80 гаруй улсаас 19 611, газраар 6 581, нийт 26 192 иргэнийг эх оронд нь авчраад байна. Эдгээрийн 12 465 нь эрэгтэй, 13 727 нь эмэгтэй юм. Ирэх сард Сөүл хот руу зургаа, Токио хот руу хоёр, Алматы, Франкфурт хот руу тус бүр нэг удаа тусгай нислэг үйлдэж  2000 орчим иргэнээ авчрахаар төлөвлөж байна. 

Холбоотой мэдээ