Үндэсний эрсдэлийн үнэлгээг хэлэлцүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-29 11:03:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооноос үндэсний эрсдэлийн үнэлгээг энэ сарын 26-29-нд хэлэлцүүллээ.

Үүнд СЗХ-ны зохицуулалттай үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, үл хөдлөх эд хөрөнгө, үнэт метал, үнэт чулуу эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид, санхүүгийн хүртээмжтэй бүтээгдэхүүний салбарын 120 гаруй төлөөлөгч оролцож хэлэлцүүлэв. Энэ үеэр төрийн болон ТББ-ын саналыг үнэлгээнд тусгажээ. Үүний дараа үнэлгээний тайланд Дэлхийн банкны санал авснаар салбаруудын эрсдэлийн үр дүнг эцэслэж СЗХ-ноос зохицуулалттай салбарын оролцогчдод хүргүүлнэ.


Монгол Улс энэ оны 10 дугаар сарын 23-нд ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу “Саарал жагсаалт”-аас гарсан ч үр дүнтэй тогтолцоог хадгалж үлдэх, олон улсын стандартыг үргэлжлүүлэхэд энэ удаагийн үндэсний эрсдэлийн үнэлгээ ач холбогдолтой.


Санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн салбарт тулгарч буй эрсдэлийг тодорхойлж, эрсдэлийг бууруулах чиглэлээр стратеги боловсруулах нь ФАТФ-ын дараагийн буюу 2023 онд хийх үнэлгээнд бэлтгэх ажлын нэг хэсэг юм.

Монгол Улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээг 2016 онд анх хэрэгжүүлсэн. Үнэлгээг Дэлхийн банкны аргачлалаар 10 модуль буюу салбар, чиглэлийн хүрээнд, СЗХ зургаан салбарын модулийн үнэлгээг 82 гишүүний бүрэлдэхүүнтэй хийжээ. Үндэсний эрсдэлийн үнэлгээний ажлын хэсэгт мэргэжлийн холбоод, зохицуулалттай салбаруудын төлөөллийг хамруулж холбогдох дата, статистик, тоо мэдээг олон төрлийн эх үүсвэрээс цуглуулж, баталгаажуулжээ. 

Холбоотой мэдээ