Жилд 120-150 автобус дотооддоо үйлдвэрлэх боломж байна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-10-29 20:17:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Монгол машин байгууламж” ХХК, “Монгол машин индустриал” ХХК, “Экобус” ХХК-ийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй танилцаж, тэдний тулгамдсан асуудлаар санал солилцлоо.

Энэ үеэр УУХҮЯ, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Ингэснээр салбарын аж ахуй нэгж байгууллагад хөрөнгө оруулах, тэдний үйл ажиллагааг дэмжих боломж бүрдэж байна.   

Дээрх компаниуд евро стандартын, цахилгаан хөдөлгүүрт, бага, дунд, том оврын эко автобус, троллейбус, суудлын автомашин, вагоны чиргүүл үйлдвэрлэдэг. Жилд 120-150 ширхэг автобус үйлдвэрлэх хүчин чадалтай, дотооддоо үйлдвэрлэж байгаа тул өртөг хямд гэдгээрээ давуу талтай юм.  

Экобус компанийн үйлдвэрлэсэн цөөн тооны автобус, троллейбусыг нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж байгаа. Үйлдвэрлэснээс хойш техникийн эвдрэл гэмтэл гараагүй, одоогоор захиалга цөөн тул үйл ажиллагаа тогтворгүйг хэллээ.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон уул уурхайн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой нүүрс, баяжмал тээвэрлэх вагоны эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ, үүнийг дотоодоосоо хангаж чадвал тээвэрлэлтийн өртөг зардал буурч, эрдэс баялгаас олох орлого нэмэгдэх боломжтойг хэлээд энэ талаар судлахыг холбогдох албаныханд уламжлахаа мэдэгдэв.

 

Холбоотой мэдээ