Завханы “Титан тауверс” баг өсвөрийн улсын аваргаас хүрэл медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-10-29 18:31:14

Завхан/МОНЦАМЭ/.Тус аймагт зохион байгуулагдсан 2020 оны “Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн”-ий шилдэг эмэгтэй багаар Хилчин спорт хорооны “Хомын тал” баг шалгарч тэргүүн байрыг эзэлжээ.

Харин удаах байруудыг  Баянзүрх дүүргийн “Уурхайчин 21” баг, Ховд аймгийн БТСГ-ын багууд эзэлжээ. Эрэгтэй баг тамирчдаас Сэлэнгэ аймгийн БТСГ-ын “Зүүн хараа” баг алтан медаль, УБ хотын “Залуу монгол” баг мөнгөн медаль, Завхан аймгийн “Титан тауверс” баг хүрэл медалийг тус тус хүртжээ. 2020 оны “Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн”-ий шилдэг довтлогчоор Завхан аймгийн “Титан тауверс” багийн тамирчин Э.Дэлгэрбат, Баянзүрх дүүргийн “Уурхайчин 21” багийн тамирчин М.Энхжин нар шалгарлаа. Харин шилдэг холбогчоор Сэлэнгэ аймгийн БТСГ-ын “Зүүн хараа” багийн тамирчин Н.Уранбаяр, Баянзүрх дүүргийн “Уурхайчин 21” багийн тамирчин Э.Батцэцэг, шилдэг хамгаалагчаар Сэлэнгэ аймгийн БТСГ-ын “Зүүн хараа” багийн тамирчин Б.Санжмятав, Хилчин спорт хорооны “Хомын тал” багийн тамирчин З.Сувдансондор нар шалгарсан байна. Шилдэг тэгш тоглогчоор “Залуу Монгол” багийн тамирчин Э.Гансүх, Хилчин спорт хорооны “Хомын тал” багийн тамирчин С.Нарангуа, өсөх ирээдүйтэй тоглогчоор Завхан аймгийн “Титан тауверс” багийн тамирчин Ц.Даваасамбуу, Хилчин спорт хорооны “Хомын тал” багийн тамирчин М.Анужин, шилдэг дасгалжуулагчаар Баянхонгор аймгийн дасгалжуулагч Б.Мөнхбат, Сэлэнгэ аймгийн БТСГ-ын “Зүүн хараа” багийн дасгалжуулагч Ж.Мөнхбаяр, шилдэг шүүгчээр Д.Батмагнай нар тус тус шалгарлаа гэж Завхан аймгийн БТСГ-аас мэдээллээ.

 





Улиастайд 31 жилийн дараа өсвөрийн шилдгүүд өрсөлдөв

Завхан аймгийн тухайд өсвөр үеийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнээс 1990 онд Г.Ганцэцэг ахлагчтай, Д.Санжаасүрэн дасгалжуулагчтай Завхан аймгийн эмэгтэй баг хүрэл медал хүртэж байсан түүхтэй.

2008 онд М.Төгсжаргал ахлагчтай, Б.Түвшинбат дасгалжуулагчтай эмэгтэй баг тус бүр хүрэл медаль хүртэж байсан. Энэ удаад Завхан аймгийн эрэгтэй баг тамирчид анхны хүрэл медалиа хүртэж түүхэн амжилтын эзэн боллоо. 2020 оны өсвөрийн шилдгүүдийг шалгаруулах тэмцээнийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Волейболын спортын холбоо хамтран спортын мастер, Олон улсын дасгалжуулагч Алтангэрэлийн Ёндоншаравын нэрэмжит болгож долоон өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Улиастай хотноо 31 жилийн дараа болсон тус тэмцээнд 18 аймаг, УБ хотын дүүргүүдээс 65 багийн 800 гаруй тамирчин оролцлоо. Усан бассейн бүхий спорт цогцолбор, Биеийн тамир спортын газар, Дэвшил сургууль, Политехник коллежийн зааланд охидын 88 тоглолт, хөвгүүдийн 70 тоглолт, нийт 158 тоглолтыг явуулсан байна гэж аймгийн ЗДТГ-аас нэмж мэдээлэв. 


Холбоотой мэдээ