П.Батчулуун: 12 амьгүй донороос эрхтэн шилжүүлж 27 хүний амь аварсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-10-31 13:51:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах  үйл ажиллагааг өргөжүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өчигдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт боллоо


Хурлаар УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ-ийн эрчимт эмчилгээ, мэдрэл судлал, харвалтын төвийн эмч нар болон шилжүүлэн суулгах багийн эмч нар, Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны мэргэжилтнүүд амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажилтай уялдуулан хийсэн судалгааны ажлаа танилцуулан туршлага солилцов.


Манай улсын эрхтэн шилжүүлэн суулгах нийт мэс заслын 95 орчим хувь нь амьд донороос буюу эцэг нь хүүдээ, охин нь ээждээ, ах нь дүүдээ эд эрхтнээ өгч буй. Гэвч Азийн улсуудаас бусад оронд нэг хүнийг аврахын тулд нөгөөг нь эрсдэлд оруулдаг ийм тогтолцоог хүлээн зөвшөөрдөггүй. 


Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга, Монгол Улсын Хүний гавьяат эмч П.Батчулуунаас дараах мэдээллийг тодрууллаа.


-Юуны өмнө, амьгүй донор гэдгийг хэрхэн ойлговол зохистой вэ?

-Амьгүй донор гэж тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хэлж байгаа юм. Тархины үхэлтэй донор гэдэг нь харамсалтай байдлаар тархиндаа гэмтэл авсан эсвэл тархинд нь цус харваснаас болж нас барж буй хүмүүс юм. Манай улсад 2018 онд Донорын тухай хуулийг шинэчилсэн. Ингэхдээ амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний тодорхой заалтууд оруулсан юм. Монгол Улсын иргэн амьд сэрүүндээ бусдын амь нас, сайн сайхныг аврахын тулд донор болж болно гэсэн заалт оруулсан. Энэ заалтын үр дүнд манай улсад сүүлийн хоёр жилд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ тодорхой хэмжээний байр суурь эзэлж эхэлж байна.


-Манай улсад одоогоор хэчнээн хүнд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгаад байна вэ?

-2018 оны нэгдүгээр сард Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагдсан. Бид тархины үхэлтэй донорын талаар ард түмэнд таниулах, ойлгуулах, нөлөөллийн ажил явуулах, тархины үхэлд хүрсэн иргэдийг донор болгох зөвшөөрлийг гэр бүлээс нь авч, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хийж байна.

Ингэсний үр дүнд сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд нийтдээ 120 орчим тархины үхэлтэй донор илрүүлснээс 40 орчим гэр бүлтэй уулзаж зөвшөөрөл хүссэн. Үүнээс 14 гэр бүл зөвшөөрч 12 нь бодит донор болж нийтдээ 27 хүнд амьдрал бэлэглээд байна.


Эдний 17 нь бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ, 10 нь элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн. Түүнээс гадна амьгүй донороос ясанд шөрмөс, судас шилжүүлэн суулгах эмчилгээ хийж байгаа.


-Ер нь, жилд хэчнээн хүн харамсалтайгаар амиа алдаж байна гэсэн нэгдсэн судалгаа байдаг уу?

 мьгүй донор буюу хүн өөрөө нийгмийн хамгийн үнэтэй баялаг юм. Гэтэл манай улсад жилд аваар ослоор 600 гаруй хүн, даралт ихсэх өвчнөөс болоод тархинд цус харвах өвчнөөр 2500-3000 гаруй хүн нас барж байна. Эд бол харамсалтайгаар, цаг бусаар нас барж байгаа хүмүүс. Гэтэл цаана нь эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орох шаардлагатай элэг, бөөрний дутагдалтай, зүрхний дутагдлаар бараг 10-аад мянган хүн жилд нас бардаг. Түүнчлэн элэгний хавдар, элэгний В,С вирус, бөөрний архаг дутагдал, зүрхний шигдээс гээд  түүнээс ч олон хүн байж болох юм. Тэгэхээр аваар осол, тархинд цус харвах, архаг өвчнөөр гэсэн хоёр параллель замаар монгол хүмүүс нас барж байна. Тиймээс цаг бусаар нас барж байгаа хүмүүсийн эд эрхтэнийг бусад архаг өвчнөөр шаналж зовж буй иргэдийнхээ амь насыг аврах ажилд ашиглахыг зорьж байна.


-Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал олон улсад ямар жишгээр хэрэгждэг юм бол?

-Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал дэлхий дахинд 1963 оноос эхэлсэн. Тэгэхээр манай улсад үүнийг ойлгуулах, цөөхөн монголчуудынхаа амь насыг аврахын тулд үүнийг хийх шаардлагатай байгаа.


-Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтөнүүд олон, харин донор олдоц муутайг эмч нар ярьдаг. Монголчууд шашин соёлоосоо болоод эсвэл гэр бүлийнхэн нь дургүйцдэг талтай байх?


-Өнөөдрийн байдлаар манай улсад бөөр шилжүүлэн суулгах мэс засал 226, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах 107 дахь мэс засал, Хавдар судлалын үндэсний төвд 25 хүнд элэг шилжүүлэн суулгаад байна.


Гэхдээ эдгээрийн бараг 95 хувьд амьд донороос буюу гэр бүлийн гишүүдээс эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийж байгаа. Тэгэхээр тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ дөнгөж л эхлэлийн шатандаа явж байна. Гэр бүлийнхнээс зөвшөөрөл авахаар 40 гаруй гэр бүлтэй уулзахад 14 нь зөвшөөрсөн гэж дээр дурдсан. Ингэхдээ тэд лам хуврагаас асуудаг. Тэгэхээр нь мэс битгий хүргэ гэж хэлдэг юм шиг байгаа юм. Тэгээд л татгалзчихдаг. Нөгөө хэсэг нь оршуулгын зардалд мөнгө төгрөгийн дэмжлэг үзүүлэх үү гэдгийг асуудаг. Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэг, ДЭМБ-аас эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ нь мөнгө төгрөгийн хөшүүрэг байж болохгүй хэмээн зөвлөдөг. Бид түүний дагуу ажилладаг. 2008 онд Туркийн Истанбул хотод хүний наймаа, хүний эрхтэний наймааны эсрэг тунхаглалд 150 гаруй орон нэгдсэн. Миний бие 2018 онд Мадридад болсон олон улсын хуралд оролцсоноор Монгол Улс тунхаглалд нэгдсэн. Тэгэхээр эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ нь мөнгөний хөшүүрэггүй юм.


Тархины үхэлтэй донор БНСУ, Япон зэрэг зарим хөгжилтэй оронд Азийн хүмүүсийн сэтгэлгээ өөр байдгаас болоод оршуулгын зардалд нь тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлбэл яасан юм бэ гэсэн асуудлууд ярьж байна. Энэ бол нэлээн төвөгтэй асуудал.

Гэхдээ бид Донорын тухай хуульд Монгол Улсын иргэн нас барсан тохиолдолд нэг сая төгрөг өгөх тодорхой хэмжээний нэмэлт өөрчлөлт оруулсан. Хэрвээ донор болбол тодорхой хэмжээний мөнгө өгье. Гэхдээ ямар нэгэн бэлэн мөнгөний харьцаанд оролгүйгээр гэж байгаа. Донор болохоор зөвшөөрлөө гэхэд тухайн хүний эрхтэнийг өвчтөнд  шилжүүлэн суулгах эмчилгээ хийнэ. Тэр хүний буяных нь ажил, оршуулгын зардалд энэ үйл ажиллагаанууд явж болох юм гэсэн санаа байгаа юм. Солонгос улсад ингэдэг юм билээ. Тэгэхээр үүнийг нэвтрүүлэх боломжтой. Яагаад гэвэл, гэр бүлүүд  санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэхийг асуугаад байгаа. Монголчуудын маань амьдрал бас хэцүү байна. Зарим нь гэр бүл дотроо санаа нэгдэхгүйгээс болоод донор болохгүй тохиолдол гардаг.  


-Тэгвэл Монголд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгахад эрх зүйн ямар зохицуулалт дутагдалтай байна вэ?

-Бид Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, дээр дурдсан зүйлүүдийг нэмж оруулах гэхчлэн зөндөө зүйл байна. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны мөрийн хөтөлбөрт Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв байгуулна гэж байгаа. Үүнтэй холбоотой Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах тухай хууль гээд туст нь хууль гаргая гэсэн санал гаргасан.


Эрдэм шинжилгээний хурлын үеэр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны донорын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Алтантулга, "Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг гэр бүлийн гишүүд татгалзах шалтгааны нэг нь шашин шүтлэгээс болдог. Энэ асуудлын хүрээнд бид Д.Чойжамц хамба ламтай уулзаж, ярилцсан. Тэгэхэд “Хүнд амьдрал бэлэглэнэ гэдэг хамгийн дээдийн дээд буян гэж үзээд амьдрал бэлэглэх нь зөв юм гэсэн номлолоо хэлсэн. Зарим хүмүүс шашны буруу ойлголт, мухар сүсгээс болж татгалздаг. Гэхдээ сургалт, сурталчилгаа явуулсны хүчинд зөв хүмүүс ойлголт авч байгаа" гэдгийг тодотгосон юм. 


Эрдэм шинжилгээний хуралд Канад, Австрали, БНСУ, АНУ, Испани улсын эмч нар цахимаар, Монгол Улсаас УНТЭ, УГТЭ, УХТЭ, ГССҮТ, ЦССҮТ, ХСҮТ, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд оролцов.


Холбоотой мэдээ