Гадаад харилцааны мэргэжилтнүүд нэг цонхны бодлогод мэргэшинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-28 13:31:52

Аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын гадаад харилцааны асуудал эрхэлсэн албан хаагчдад зориулсан нэгдсэн сургалт ГХЯ-нд өнөөдрөөс эхэллээ.

Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа Гадаад харилцааны яамнаас салбартаа нэг цонхны бодлого барьж ажиллаж буй. Энэхүү бодлого зорилт, түүний хэрэгжилт, энэ онд гадаад харилцааны чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын явц, учирч буй хүндрэл бэрхшээлийг судлан дүгнэх зорилгоор уг сургалтыг Гадаад харилцааны яам, Дипломат академиас хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Дипломат академийн сургалтын ажилтан А.Булгаа, “Аливаа санамж бичиг, гэрээ хэлэлцээрийг байгуулахдаа яамны саналыг авалгүйгээр нэг аймаг улсыг төлөөлж хийж болохгүй гэдэг дээр өнгөрсөн жилийн сургалтыг голлон явуулж байсан. Харин энэ жилийн сургалтаар өмнөх сургалтын үр дүн, өнөөгийн түвшинд юу нь болж байна, юу нь болохгүй байна гэдэг дээр санаа оноогоо хуваалцах, харилцан туршлага судлах зорилгоор зохион байгуулж байна. Мөн салбарын мэргэжилтнүүд оролцогчдыг мэдээ мэдээллээр хангахын зэрэгцээ гэрээ хэлэлцээр байгуулахад юуг анхаарах вэ гэдэг дээр багийн практик сургалт явуулж, тэдний мэдлэгийг сорих юм” гэлээ.

Увс аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцааны мэргэжилтэн О.Саруулаас тус аймагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийг тодруулахад, “Увс аймаг ОХУ-тай хиллэж оршдог. Хилийн аймгийн хувьд ОХУ-ын хил залгаа муж хязгаартай хамтын ажиллагаагаа сайтар хөгжүүлдэг. Хамтын ажиллагааны хүрээнд сөрөг үр дагавар гарах нь бий. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн хоёр орны иргэд харилцан визгүй зорчдог болсонтой холбоотой асуудал цөөнгүй гарсан. Иймд тус улсын холбогдох байгууллагуудтай уулзалт зөвлөгөөн хийж, хэрхэн яаж шийдвэрлэх тал дээр ойлголцолд хүрсэн. Тухайлбал, хориотой бараа тээвэрлэх, осол аваарт орох, цаашлаад амь насаа алдах зэрэг асуудал гарсан тул иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр шийдэлд хүрч ажиллаж байна.

Мөн Шиньжян-Уйгурын өөртөө засах орны аймгуудтай харилцан хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Зөвхөн Увс гэлтгүй баруун таван аймаг дээрх аймгуудтай нягт хамтарч, мэдээ мэдээлэл солилцон ажиллаж байна. Гадаад харилцааны яамнаас нэг аймгаараа бус баруун таван аймгаараа хамтарч ажиллахыг чиглэл болгодог. Үүнийг нь ч бид хэрэгжүүлж ажиллахыг зорьдог. Түүнчлэн манай аймаг хоёр хөрштэйгээ төдийгүй Тайван, Франц, Герман улстай хамтарч ажиллаж байна. Энэ хүрээнд аймгийнхаа брэнд бүтээгдэхүүн болох чацаргана жимсийг Европын заалтад бүртгүүлэхээр тодорхой төсөл дээр ажиллаж байна” гэв.

Тус сургалт 3 өдөр үргэлжилж өндөрлөнө.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд