“Монголын нэгэн зууны үнэн-Товчоон” гэрэл зургийн үзэсгэлэнг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sodonizm@gmail.com
2020-11-06 17:25:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монголын үнэн" сонины 100 жилийн ойд зориулсан “Монголын нэгэн зууны үнэн-Товчоон” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо.


Энэхүү үзэсгэлэнд тус сонинд 100 жилийн хугацаанд хэвлүүлж байсан материал, гэрэл зургаас түүвэрлэн дэлгэсэн байна. Үнэн сониныг БНМАУ-ын цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин байсан Д.Сүхбаатар анх санаачилж, үүсгэн байгуулжээ. Үүнээс хойш С.Буянэмэхээс эхлүүлээд Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарын их бичгийн их хүмүүс “Үнэн” сониныг гаргахад үнэтэй хувь нэмэр үзүүлж байсан байна. Энэ бүх түүхэн цаг хугацааг илэрхийлсэн 70-80 самбар гэрэл зураг, нийтлэл материалыг тус үзэсгэлэнгээс үзэх боломжтой гэж Үнэн сонины гэрэл зурагчин, тус сонинд 40 гаруй жил ажиллаж буй МУСГЗ Н.Бөхдамбий хэлсэн юм.



Энэ үеэр Үнэн  сонины ахмад сэтгүүлч, МУСГЗ Д.Дорждулам, “Би 20 гаруй жил “Үнэн” сонинд ажилласан. Би 1972-1979 онд Москвад, 1988-1992 онд Кубд сурвалжлагчаар ажиллаж байсан. Гадаадын сайн туршлагыг Монгол нэвтрүүлэх нийтлэл материал бичиж, нийтэлдэг байлаа. Хамгийн нийгэмд өөрчлөн шинэчлэл хийхэд хувь нэмэр оруулсан нийтлэл нь Кубийн өрхийн эмнэлгийн тухай бичсэн нийтлэл байсан. Үүний мөрөөр эрүүлийг хамгаалах яамнаас хүн очиж судалж, одоогийн өрхийн эмнэлэг манай улсад бий болсон юм. “Үнэн” сонин 5 хэсэг, хоёр тасагтай байсан. Тэр үед намын ажлын хэлтэс, үзэл суртлын хэлтэс, хөдөө аж ахуй, гадаад харилцаа, соёлын хэлтэстэй байсан. Мөн лавлах тасаг, фото зургийн тасагтай.  50 гаруй утга зохиолын болон уран бүтээлчид ажиллаж байлаа. Нийтлэлийн бодлогын хувьд нам улсын бодлогыг сурталчлахад хүмүүсийн анхаарлыг төвлөрүүлэхэд чиглэдэг байсан” хэмээлээ.


Үзэсгэлэнг үзэж сонирхож байхад хуучин бичиг, латин үсэг, кирилл үсгээр бичигдсэн нийтлэл материал ажиглагдаж байлаа. Мөн тус сонин нь төрийн дээд гурван одон хүртэж байжээ. Үнэн сонины алдартан, алдартай нийтлэлүүдийг 70-80 самбарт байрлуулсан байв. Зарим самбарт 3-4 нийтлэл, материал, гэрэл зургийг багтаасан байлаа.



Холбоотой мэдээ