НОК-оос олон нийтийг хамарсан бүх ажлыг түр зогсоов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд гурав хоногийн хөл хорио тогтоосонтой холбоотой нийслэлийн Онцгой комисс /НОК/өнөөдөр шуурхай хуралджээ Хуралдаанаас COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазарын захирамж гарлаа.
Захирамжид, олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, тэмцээн, уралдаан, аялал зугаалга, сургалт, бүх төрлийн баар, тоглоомын газар, сүм хийд, соёл урлагийн үзвэр, үйлчилгээний газар зэргийг түр хаах чиглэл гаргав.
Түүнчлэн согтууруулах ундаа, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр, үйлчилгээний газрын ажиллах цагийн хуваарийг 07.00-22.00 цаг болгон тогтоожээ. Мөн хязгаарлалтын хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй байхыг захирамжилжээ.
Нийтийн тээврийн үйлчилгээг өглөө 06.00-10.00 цаг, орой 17.00-21.00 цагт явуулах тусгай зохицуулалтад оруулахын зэрэгцээ амны хаалтгүй иргэнд үйлчлэхгүй байх, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийхийг үүрэг болгосон байна.
ЕБС болон их, дээд сургууль, МСҮТ, бүх шатны сургалтын байгууллага, өдөр өнжүүлэх, цэцэрлэгийн сургалтыг түр зогсоохоос гадна бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй, олон нийтийн газар явуулахгүй байх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд чиглэл болгожээ.
Албан байгууллага ажиллагсдын биеийн халууныг үзэж нэвтрүүлэх, гарыг ариутгах, амны хаалтны хэрэглээг хэвшүүлэх, байгууллага, аж ахуйн нэгжийн 12 хүртэлх настай ээж болон ганц бие аавд цахимаар ажиллах боломж бүрдүүлж цалин хөлсийг бүрэн тооцож олгохыг зөвлөв.
Ташрамд дурдахад, Коронавирусний халдвараас сэргийлэх хүрээнд 21 хоногийн тусгаарлалтаа дуусгаад гарсан иргэн болон түүний ойрын хавьтлын иргэнээс халдвар илэрсэн тул УОК шуурхай хуралдаж, нийслэл хотоос гарах хөдөлгөөнийг хааж, сургууль, цэцэрлэг, олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, соёл урлаг, кино театр зэрэг үйлчилгээний байгууллагын ажлыг энэ сарын 14-нийг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан.