Абэ Шинзод Олимпын одон гардуулжээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-17 10:01:07

ТОКИО. /Kyodo/. Энэ оны есдүгээр сард эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаасаа огцорсон Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог Олимпын одонгоор шагнасан тухай Олон улсын олимпын хороо /ОУОХ/ “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Шагнал гардуулах ёслол Токио хотын Олимпын музейд болжээ. Шагналыг Японы Засгийн газрын тэргүүн асанд ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах гардуулав.


“Абэ олимпын наадмыг Токиод зохион байгуулах эрх авахад ихээхэн хүчин зүтгэл гаргасан. Тэрбээр Рио-де-Жанейрод болсон олимпын наадмын хаалтын ёслолын үеэр супер мариогийн дүрээр олны өмнө гарч ирж байлаа” хэмээн ОУОХ-ны мэдэгдэлд дурджээ.


Токиогийн олимпын наадам 2020 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан хэдий ч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон билээ.


“Бэлтгэлийн талаарх эргэлзээг арилгахад Абэ ОУОХ-ны гишүүдийг ятгаж, чухал үүрэг гүйцэтгэж чадсан. Түүнчлэн тэмцээнийг хойшлуулах түүхэн шийдвэр гаргасан нь бидний гүн итгэлцэл, ойлголцолтой холбоотой юм” гэж Бах шагнал гардуулах ёслолын үеэр мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ