Хязгаарлалтын дэглэм тогтоох шийдвэрийн хугацааг сунгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-11-17 10:51:50

Ховд /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Ховд аймгийн хэмжээнд хязгаарлалтын дэглэм тогтоосон. Улмаар Засгийн газар болон Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг үндэслэн аймгийн хэмжээнд хязгаарлалтын дэглэм тогтоох тухай шийдвэрийн хэрэгжих хугацааг сунгалаа.   

Тодруулбал, Ховд аймгийн нутаг дэвсгэрээс орох, гарах нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл түр хугацаанд хязгаарлах шийдвэр гаргасан байсан. 

Тэгвэл энэ удаа “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох” тухай аймгийн Засаг даргын захирамжийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэлх шийдвэрийг сунгаж, 12 дугаар сарын 01-ний өдрийн 08:00 цаг болгов.

Мөн аймгийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төв, үзвэр үйлчилгээний байгууллага, олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, соёл урлаг, спортын тэмцээн, тоглоомын газрын үйл ажиллагааг 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 12 дугаар сарын 01-ний өдрийн 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргав. 

Үүнээс гадна Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх баар, рестарон, зоогийн газар, караоке болон үйлчилгээний төвд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 12 дугаар сарын 01-ний өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарлахаар боллоо. 

Мөн Ховд аймгийн хэмжээнд хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтээс бусад төрлийн үйл ажиллагаа явуулж буй захуудын үйл ажиллагааг 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түр хугацаанд хаахаар болсон юм. Дээрх шийдвэрүүдийг Ховд аймгийн Онцгой комиссын ээлжит хурлаар шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ