Импортын татваргүй Ази тив

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2020-11-18 17:03:47

Цар тахлын дахин дэгдэлт, Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн явц руу дэлхий нийтийн хамаг анхаарал чиглээд байх зуур Вьетнамын нийслэл Ханой хотноо өнгөрсөн ням гарагт нэгэн том үйл явдал болж өнгөрлөө. Цахим хэлбэрээр явагдсан Зүүн-Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ 37  дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн чөлөөт худалдааны хамгийн том бүсийг байгуулах тухай хэлэлцээрт АСЕАН-ныгишүүн 10 улс болох Бруней, Вьетнам, Индонез, Камбож, Лаос, Малайз, Мьянмар, Сингапур, Таиланд,Филиппин ба гишүүн бус Хятад, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Япон гэсэн нийт 15 улсын төлөөлөгчид гарын үсэг зуржээ. Ингэснээр Ази тивийн улс орнууд Европын Холбоо, Хойд Америкийнхтай төстэй худалдааны нэгдмэл орон зайг бий болгоход чиглэсэн маш том алхмыг хийлээ. 


Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн /RCEP/ хэлэлцээр гэдэг нэртэй уг баримт бичгийг боловсруулж батлахын тулд оролцогч талууд бүхэл бүтэн 8 жилийнтурш өндөр дээд түвшинд 30 гаруй удаа хэлэлцээ хийсэн байна.


Ханойн цахим саммитад оролцсон улс орнуудын удирдагчид дүгнэхдээ “RCEP-ийг байгуулсан нь цар тахлын улмаас багагүй хохирол амссан улс орнуудын эдийн засгийг сэргээхэд түлхэц өгнө” хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян хэлэхдээ “8 жилийн турш үргэлжилсэн яриа хэлэлцээний үр дүнд хэлэлцээрт гарын үсэг зурсан нь итгэл найдварын очыг бадрааж байна” гэв.


“Гарын үсэг зурсан улс орнууд тун удахгүй хэлэлцээрийг батламжилснаар хүчин төгөлдөр болж, цар тахлын дараа эдийн засгаа сэргээхэд нь тус дөхөм үзүүлнэ” гэж АСЕАН-ыг энэ онд даргалж буй БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук мэдэгдлээ.


20 бүлэг, 510 хуудас бүхий хэлэлцээрт зааснаар, ирэх 20 жилийн хугацаанд оролцогч талууд импортын бараа бүтээгдэхүүнд /оюуны өмч, харилцаа холбоо, санхүүгийн үйлчилгээ, интернэт худалдаа, мэргэжлийн үйлчилгээний салбар/ ногдуулж буй татвараа цуцлах ёстой юм.


Ерөнхий зарчмыг нь харвал, оролцогч талуудын харилцан нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний нэр төрлүүдийн 92 хувийнх нь татвар эрс буурна. Үүний сацуу хэлэлцээрт зарим онцгой нөхцлүүдийг ч тусгажээ. Тухайлбал, Япон улс цагаан будаа, үхрийн мах зэрэг хөдөө аж ахуйн 5 чухал бүтээгдэхүүнд ногдуулж буй импортын татвараа хэвээр үлдээнэ гэх мэт.


Түүнчлэн оюуны өмч ба цахим худалдааны салбарт үйлчлэх дүрэм журмыг баталсан байна. Хачирхалтай нь, бараа бүтээгдэхүүнд тавих экологийн шаардлага, ажилтнуудын эрхийг хамгаалах зэрэг асуудлыг хэлэлцээрт огт тусгасангүй.   


Ташрамд дурдахад, RCEP-ийг байгуулах асуудлаарх хэлэлцээнд оролцож байсан Энэтхэг улс өнгөрсөн онд хэлэлцээнээс гарчээ. Учир нь, гаалийн татварыг бууруулах, тэглэх нь тус улсын дотоодын үйлдвэрлэгчдэд хүндээр тусна гэдгээс болгоомжилжээ. Харин дээрх 15 улсын зүгээс “хэлэлцээрт нэгдэх үүд хаалга Энэтхэгийн хувьд нээлттэй хэвээр” гэдгийг мэдэгдлээ. 


Одоо RCEP-ийн хамрах хүрээг тооны хэлээр товчхон тодорхойлъё. Хэлэлцээрт нэгдсэн 15 улсын ДНБ нь дэлхийн эдийн засгийн 1/3-ийг /26.2 их наяд доллар/ бүрдүүлдэг бол эдгээр улсад дэлхийн нийт хүн амын 30 орчим хувь буюу 2,2 тэрбум хэрэглэгч амьдардаг. Шинжээчдийн таамаглаж байгаагаар, 2050 он гэхэд хэлэлцээрт оролцогч талуудын ДНБ-ний хэмжээ 100 их наяд долларт хүрэх төлөв харагдаж байна. 


Олон улсын эдийн засгийн Петерсоны хүрээлэнгийн хийсэн тооцооллоор, хэлэлцээр байгуулагдсанаар 2030 оноос хойш дэлхийн ДНБ жил бүр 186 тэрбум доллароор өсөх ба оролцогч талуудын эдийн засгийн өсөлтөд 0,2 хувийн жин нөлөө үзүүлэх аж.


RCEP хүчин төгөлдөр болсноор оролцогч улсуудын компаниуд бүс нутаг даяар худалдаа хийхдээ элдэв дүрэм журамд баригдахгүй бөгөөд зөвхөн худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй /сертификат/ байхад хангалттай. Тэгэхээр АНУ болон RCEP-т багтаагүй орнуудын компаниудын хувьд Азийн зах зээлд өрсөлдөх нь улам хүндрэлтэй болно гэсэн үг.


Одоо уг гэрээг АСЕАН-ы гишүүн 6 улс, гишүүн бус 3 улсын парламент батламжлах ёстой бөгөөд үүний дараа RCEP хүчин төгөлдөр болно. Гэхдээ худалдааны тарифыг хөнгөлөхийн эсрэг байр суурь, Хятадын эсрэг уур амьсгалаас шалтгаалан хэлэлцээрийг парламентаар батламжлах үйл явц удаашрах магадлал бий. Батламжилсан ч гэсэн уг хэлэлцээрийг худалдааны саад тотгоруудыг арилгаж чадахуйц бүрэн дүүрэн механизм болгон хувиргахад олон жилийн хугацаа шаардлагатай гэдгийг ажиглагчид тэмдэглэж байна. 


Хятадын нөлөө бэхжинэ


Хэлэлцээр байгуулагдсанаар АСЕАН-ы орнуудын худалдааны гол түнш болох Хятад улсын бүс нутаг дахь байр суурь улам бэхжинэ гэж зарим ажиглагчид үзэж байна.  Жишээ дурдахад, АСЕАН-аас экспортолж буй бараа бүтээгдэхүүний 12,5 хувийг Хятад улс худалдан авдаг бол Хятадаас гадаадын зах зээлд борлуулж буй нийт барааны 20,7 хувь нь АСЕАН-ы орнуудад ногддог. Хятад улс ба АСЕАН-ы хооронд 2010 онд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдсанаар 2015 он гэхэд хоёр талын нийт бараа эргэлтийн хэмжээ 346,5 тэрбум долларт хүрчээ. RCEP-ийг байгуулснаар АСЕАН-ы орнууд Хятадын “Бүс ба Зам” санаачилгаас санхүүжилт авч, дэд бүтцээ өргөжүүлэн, бусад улсын зах зээлд нэвтэрч, илүү ашиг олох боломж нээгдэх юм.  


Харин энэ үед Зүүн-Өмнөд Ази дахь чөлөөт худалдааны бүсийн талаарх АНУ-ын бодлого одоогоор тодорхойгүй байна. Ерөнхийлөгч Б.Обамагийн үед Номхон далай дамнасан түншлэл гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр оролдож байсан боловч Д.Трамп ерөнхийлөгч болонгуутаа АНУ-ыг уг хэлэлцээрээс гаргасан билээ. Ази-Номхон далайн бүс нутагт бараа, үйлчилгээнд ногдуулж буй гаалийн татварыг бүрэн цуцлах зорилго агуулсан уг түншлэлийг “бүс нутаг дахь Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөг саармагжуулах хэрэгсэл” гэж үзэж байсан бол RCEP нь анхнаасаа л Америкийн санаачилсан түншлэлийг сөргүүлэн байгуулж буй “Хятад бүтэц” гэгдэж байв. 


Японд илүү ашигтай   


Нөгөөтэйгүүр, зарим шинжээчдийн дүгнэлтээр, АСЕАН-ы орнуудтай харьцуулахад Хятадаас гадна Япон, Өмнөд Солонгос хоёр RCEP-ээс илүү их ашиг хүртэх бололтой. Хэлэлцээрийг батламжилсан тохиолдолд энэ гурван улс худалдааны нэг хэлэлцээрт нэгдэн орно гэдгийг онцлох нь зүйтэй. Өмнө нь, тэдний хооронд дэгдэж байсан өнгөрсөн түүхээс улбаатай зөрчил маргаанаас үүдэн ийм боломж хязгаарлагдмал байсан юм. Тухайлбал, япончууд Солонгосын хойгийг колоничилж байсан үетэй холбоотой маргаан нь өнгөрсөн онд Токио-Сөүлийн хооронд худалдааны дайн дэгдээж байсан билээ.


Ямартаа ч RCEP  байгуулагдсан нь Япон улсад нэлээд ашигтай тусах нь ойлгомжтой болоод байна. Хэлэлцээрт зааснаар, Хятадаас Японд нийлүүлж буй барааны 86 хувь, Өмнөд Солонгосоос Японд нийлүүлж буй барааны 81 хувь, АСЕАН-ы орнуудаас нийлүүлж буй барааны 88 хувьд нь ногдуулж байсан татварыг хүчингүй болгож байгаа бол Японоос эдгээр улсад нийлүүлж буй цахилгаан автомашины хөдөлгүүр, аккумуляторын эд анги, ган эдлэл зэрэгт ногдуулж буй татварыг 86-100 хувь хөнгөлж байгаа ажээ. 


Өмнө нь Япон улс Өмнөд Солонгос, Хятадын зах зээлд татварын хөнгөлөлттэй нөхцлөөр чөлөөтэй нэвтэрч чаддаггүй байсан бол хэлэлцээр байгуулагдсанаар татварын томоохон хөнгөлөлт эдлэхээр болж байгааг Сингапурт төвтэй Азийн Худалдааны төвийн шинжээч Дебора Элмс онцлон тэмдэглэлээ.  Үүний далимд Хятад, Япон хоёр түүхэнд анх удаа худалдааны татвараа харилцан бууруулахаар тохиролцсоныг дурдах нь зүйтэй. 


Гэсэн хэдий ч хэлэлцээрийн ач холбогдлыг хэт өндрөөр үнэлэх нь учир дутагдалтай гэдгийг дүн шинжилгээний Capital Economics төвийн судлаач Гарет Лезер хэллээ. Хэлэлцээр бүрэн хэмжээнд хүчин төгөлдөр болох хүртэл нэлээд хэдэн жил шаардлагатайгаас гадна Ази тивд гаалийн татварын хэмжээ тэртэй тэргүй маш бага байгаа учраас ойрын жилүүдэд худалдааны эргэлт огцом өсөх магадлал бага.  


Гэхдээ ямартаа ч RCEP хэлэлцээр нь Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн интеграцийн үйл явцыг түргэтгэж, худалдааны протекционист хандлагыг зогсооход түлхэц болох нь лавтай.


Б.Адъяахүү

 

 

 

 

 

Холбоотой мэдээ