Хонконгийг чиглэсэн бодлогоо өөрчлөхийг БНХАУ-д уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-11-19 15:43:31

ОТТАВА. /CP/. Канад, АНУ, Их Британи, Австрали, Шинэ Зеланд улсууд Хятадын эрх баригчдад хандан Хонконгийг чиглэсэн бодлогоо өөрчилж, БНХАУ-ын засаг захиргааны энэхүү онцгой бүсийн хууль тогтоох байгууллагад сөрөг хүчнээс сонгогдсон гишүүдийг бүрэн эрхийг сэргээхийг уриаллаа гэж эдгээр улсын Гадаад хэргийн сайд нарын хамтарсан мэдэгдэлд дурджээ.


"Хамтарсан тунхаглал, Үндсэн хуулийнхаа дагуу Хонконгийн ард түмний төлөөлөгчөө сонгох эрхийг зөрчихөө зогсоохыг бид БНХАУ-д уриалж байна” гэж мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн Хонконгийн сонгуулийн байгууллагатай холбоотой үйл ажиллагаагаа эргэн харж, Хууль тогтоох зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийг нэн даруй сэргээхийг уриалжээ.


Бээжин хотноо Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооноос шинэ тогтоол гаргасны дараа эрх баригчид сөрөг хүчний дөрвөн хууль тогтоогчийн эрхийг хассан юм. Уг баримт бичигт эх оронч үзлийг Хууль тогтоох зөвлөлийн бүх гишүүн заавал биелүүлэх ёстой хуулийн шаардлага хэмээн тусгасан бөгөөд энэ шалгуурыг хангаагүй депутатуудыг шүүхийн шийдвэргүйгээр шууд хасах эрхийг эрх баригчдад өгдөг байна.


Хонконгийн хууль тогтоох зөвлөлд сонгогдсон гишүүдийн эрхийг хасах тухай Бээжингийн шинэ журам нь “нэг улс-хоёр тогтолцоо” зарчмыг алдагдуулж байна гэж дипломатч  мэдэгджээ.  


Холбоотой мэдээ