“Хорийн бүлэг”-ийн удирдагчид цар тахалтай тэмцэх, эдийн засгийг сэргээх асуудлыг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-11-21 10:50:49

МОСКВА. /TASS/. Энэ амралтын өдрүүдэд болох “G20” буюу “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь коронавирусний цар тахалтай тэмцэхэд авах арга хэмжээ, дэлхийн эдийн засгийг сэргээх үйл явц байх болно. Цар тахлын улмаас дээд хэмжээний уулзалтыг видео бага хурлын хэлбэрээр зохион байгуулах бөгөөд Саудын Арабын хаан Сальман бен Абдель Азиз Аль Сауд даргална.


Саудын Арабын Сангийн сайд Мухаммед бен Абдалла Аль-Жадааны өмнө нь мэдээлснээр, “удахгүй болох дээд хэмжээний уулзалт нь дэлхийн эдийн засгийг сэргээх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, үе шаттайгаар тогтвортой, тэнцвэртэй, хүртээмжтэй өсгөх бат бөх суурийг бий болгоход чиглэгджээ". “Хорийн бүлэг”-ийн удирдагчид цар тахлын эсрэг хамтарсан санаачилгуудыг хэлэлцэх төлөвтэй байна. Тухайлбал, эдгээрийн дотор хүмүүнлэгийн томоохон асуудлууд үүссэн тохиолдолд бэлэн байдлын түвшнийг дээшлүүлэх, эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх, нийгмийн эмзэг бүлгийг дэмжих зэрэг асуудал байгаа аж. “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр мөн тогтвортой хөгжилд нөлөөлж буй сорилт бэрхшээлүүдэд анхаарлаа хандуулна.


Дээд түвшний уулзалтын өмнөх өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адан Гебресиесус “Хорийн бүлэг”-ийн удирдагчид коронавирусний эм бэлдмэлийн хүртээмжийн талаарх олон улсын түншлэлд, түүнчлэн коронавирусний вакциныг гарган авсны дараа бүх улс оронд тэгш хуваарилах зорилгоор бий болгосон “COVAX” механизмд улс төр, санхүүгийн дэмжлэг  үзүүлэх тухай мэдэгдэнэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ.


Энэ жил “Хорийн бүлэг”-ийн орнууд цар тахлын үр дагавартай тэмцэх зорилгоор хэд хэдэн арга хэмжээг хэдийнэ авсан юм. Тодруулбал, коронавирусний вакциныг үйлдвэрлэх, түгээх ажлыг дэмжих зорилгоор дэлхийн эрүүл мэндийн тогтолцоонд 21 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах шийдвэр гаргажээ. “Хорийн бүлэг”-ийн орнууд мөн дэлхийн эдийн засгийг сэргээхэд 11 их наяд ам.доллар гаргасан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Хорийн бүлэг” ядуу орнуудын гадаад өр төлбөрөө төлөх хугацааг энэ оны эцэст болгож хойшлуулжээ. Энэхүү санаачилгыг бага орлоготой дор хаяж 46 улс аль хэдийнээ ашигласан байна.


“Хорийн бүлэг”-ийн түүхээс товчхон

“Хорийн бүлэг” нь 1999 оноос хойш оршин тогтнож ирсэн эдийн засгийн хувьд хөгжингүй, хөгжиж буй орнуудын холбоо юм. Таван тивийн төлөөлөл болсон 19 улсаас гадна /Австрали, Аргентин, Бразил, Их Британи, ХБНГУ, Энэтхэг, Индонез, Итали, Канад, БНХАУ, Мексик, ОХУ, Саудын Араб, АНУ, Турк, Франц, ӨАБНУ, БНСУ болон Япон/ Европын Холбоог оролцуулан 20 гишүүнтэй. Дэлхийн банкны мэдээллээр, энэхүү бүлгийн улс орнууд дэлхийн ДНБ-ий 80 хувийг үйлдвэрлэж байгаа бол дэлхийн нийт хүн амын 64 хувь нь оршин сууж байна.


Бүлгийн үйл ажиллагаа нь дэлхийн эдийн засгийг тогтвортой байлгах, тогтвортой өсөлтийг бий болгох, санхүүгийн хямралын эрсдэлийг багасгахад чиглэдэг ажээ.


Ирэх жилийн “Хорийн бүлэг”-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг даргалагч орон тодорхойлно. Саудын Арабын дараа 2021 онд даргалах эрх Италид шилжинэ.


Холбоотой мэдээ